УИХ-ын 32 гишүүний шаардлагад УИХ-ын дарга хариу өглөө

2018/11/22 19:10 3070

Арваннэгдүгээр сарын 22-ны өглөөний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үеэр нэр бүхий гишүүд УИХ-ын даргад хандан шаардлага тавьсан. Энэ талаар үдээс хойших хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийлээ.

Тэрбээр:

-Надад 32 гишүүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэр бичигт УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж байна. Тиймээс энэ зөрчлийг шийдтэл эдгээр 32 гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэсэн байсан.

УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр байгаа. Тэгэхээр хууль, тогтоол санаачлах эрх надад бий. Тиймээс чуулган маргаашаас хэвийн журмаараа үргэлжилнэ.

Харин Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэх юм бол УИХ-ын дэд дарга нарын аль нэг нь чуулганыг удирдаад явж болно. Үүнийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.