УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаас нь түтгэлзүүлэх санал орууллаа

2018/11/21 13:51 457

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндэсний Аудитын газрын дарга, Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд: "Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж өөрийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа хариуцан тайлагнаж байдаг Үндэсний Аудитын газрын  Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэдгийг ойлгуулж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан.

Ерөнхий Аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 10 дугаарт заагдсаны дагуу 11 дгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газар болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудаас тодруулга мэдээллүүдийг авсан. Өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Төрийн аудитын тухай хуулийн 13.10-т зааснаар "Монгол Улсын Ерөнхий Аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна", мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заагдсаны дагуу Улсын Ерөнхий Аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьсан. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэлээ.