Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.11.12-17/

2018/11/19 09:50 476

ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. http://www.parliament.mn/n/63ko

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон даяар зэрэг эхэлж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумд аваргуудаа шалгаруулав. http://www.parliament.mn/n/67ko

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагч доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяаг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд байгуулсан эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд тус сантай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. 2018.11.12 http://www.parliament.mn/n/9jko

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг дэмжив. Үргэлжлүүлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 2018.11.13  http://www.parliament.mn/n/93ko

ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. http://www.parliament.mn/n/yfmy

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2018.11.14 http://www.parliament.mn/n/ytmy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Хуралдааны төгсгөлд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төсөлд хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналуудыг тусган батлахаар шийдвэрлэлээ. 2018.11.14 http://www.parliament.mn/n/yimy

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2018.11.14 http://www.parliament.mn/n/bbmy

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. 2018.11.14http://www.parliament.mn/n/bpmy

ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. http://www.parliament.mn/n/btmy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав. Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнийн танилцуулгатай танилцсан талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталаа. Дараа нь Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав. Дараа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлав. Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 2018.11.15 http://parliament.mn/n/dtmy

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргаж, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна гэлээ. 2018.11.15http://parliament.mn/n/rbmy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдав. Хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.Үргэлжлүүлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж эхлэв. 2018.11.15 http://www.parliament.mn/n/gbmy

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв. 2018.11.15http://www.parliament.mn/n/gjmy

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагууд парламентын сэтгүүлчидтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх эрхийн үнэмлэх авсан хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, бусдад хүндэтгэлтэй хандан, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг зөвлөөд, цаашид зөрчил дутагдал давтагдвал журамд заасан арга хэмжээг авахаас аргагүйд хүрнэ гэдгийг сануулав. 2018.11.15 http://www.parliament.mn/n/f3my

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавих албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж өглөө. 2018.11.15 http://www.parliament.mn/n/8bmy

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2018.11.15 http://www.parliament.mn/n/83my

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 2018.11.15http://www.parliament.mn/n/gfmy

ИНФОГРАФИК: Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тойм

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжив. 2018.11.16http://parliament.mn/n/mbmy

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. 2018.11.16 http://parliament.mn/n/q7my

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэхийг дэмжив. 2018.11.16 http://parliament.mn/n/qimy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудал түр хойшлогдлоо. 2018.11.17 http://parliament.mn/n/xpmy

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсныг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв. 2018.11.17 http://parliament.mn/n/x7my

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов. Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах байсан ч асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж байж асуулгын хариуг сонсох хүсэлт гаргасан учир асуулгыг хэлэлцэхийг хойшлууллаа. 2018.11.17http://parliament.mn/n/ofmy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс