Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай

2018/06/22 14:41 95

 

2018 оны 06 сарын 22 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

  

БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ

БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банканд хийсэн активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд гарсан өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, шаардлагатай бол төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

 

2 дугаар зүйл. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах

                           тухай хууль тогтоомж

 

2.1.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль[1], Банкны тухай хууль[2], Өрийн удирдлагын тухай хууль[3], Төсвийн тухай хууль[4], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[5], Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль[6], Компанийн тухай хууль[7], Үнэт цаасны зах зээлийн тухай хууль[8], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Банкны системд нөлөө бүхий, дунд хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах, төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банкны тухай хуульд заасны дагуу банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахтай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

 

4 дүгээр зүйл.Нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“банкны активын чанарын үнэлгээ” гэж банканд хийх хяналт шалгалтын хүрээнд банкны активын чанарыг бодитой тогтоох зорилгоор хийх үнэлгээг;

 

4.1.2.“өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагын мэдэгдэл” гэж Монголбанкнаас банканд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулахаар энэ хуулийн 5.1-д заасны дагуу хүргүүлсэн мэдэгдлийг;

 

4.1.3.“банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг;

 

4.1.4.“банкийг шинэчлэх төлөвлөгөө” гэж эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран банк өөрийн хөрөнгийн шаардлагыг хангахуйц хэмжээнд нэмэгдүүлэх, цаашид тогтмол ашигтай ажиллах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх талаарх стратегийг багтаасан гурван жилийн дэлгэрэнгүй бизнес төлөвлөгөөг;

 

4.1.5.“хамтран ажиллах гэрээ” гэж төрөөс дахин хөрөнгөжүүлж байгаа банк санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан банкийг шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүлээх үүрэг, хамтын ажиллагааны хүрээ, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх, банкийг шинэчлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг мэдээлэх болон талуудын бусад эрх, үүргийг тодорхойлсон хэлцлийг;

 

4.1.6.“дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой” гэж банк хэвийн үйл ажиллагаа явуулах замаар 5 жилийн хугацаанд цаашид төрөөс хөрөнгийн дэмжлэггүйгээр ашигтай ажиллахыг;

 

4.1.7.“нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө” гэж банкны энгийн хувьцаа, түүнтэй дүйцэхүйц давуу эрхийн хувьцаа, цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан, хуримтлагдсан ашиг алдагдал, нэмж төлөгдсөн энгийн хувьцаа, хандивын хөрөнгө; 

 

4.1.8.“хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө” гэж энэ хуулийн 4.1.7-д зааснаас бусад давуу эрхтэй хувьцаа, нэмж төлөгдсөн давуу эрхийн хувьцаа, дахин үнэлгээний нэмэгдэл, нийгмийн хөгжлийн сан, хувьцаанд хөрвөх бусад үнэт цаас.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

банкны ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ШААРДЛАГыг ХАНГуулах,
хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх

 

5 дугаар зүйл.Банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах

 

5.1.Активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд банк өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаагүй бол Монголбанк энэ талаар банканд нэн даруй мэдэгдэнэ.

 

5.2.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор банкны өөрийн хөрөнгийн дутагдлын хэмжээг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд хүргүүлнэ.

 

5.3.Банк энэ хуулийн 5.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш өөрийн хөрөнгийн шаардлагыг 6 сарын дотор хангана. 

 

6 дугаар зүйл.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа

 

6.1.Банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн шаардлагыг төр, төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хөрөнгө оруулагчдаас банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаагаар нэмэгдүүлнэ.

 

6.2.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гаргасан нэг болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцогдох санхүүгийн хэрэгслийг шууд болон шууд бусаар өөрөө худалдаж авах, санхүүжүүлэхийг хориглоно.

 

6.3.Банк энэ хуульд заасан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гаргасан нэг болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцогдох санхүүгийн хэрэгслийг зээл, эсхүл ямар нэг үүрэг амлалтын хүрээнд барьцаалахыг хориглоно.

 

6.4.Банк энэ хуульд заасан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан хувьцааг гадаад болон дотоодын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аливаа хуулийн этгээд, нийгмийн даатгалын сан, нутгийн өөрөө удирдах байгууллагад худалдахыг хориглоно.

 

7 дугаар зүйл.Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах, түүнийг

                                           хянан шийдвэрлэх

 

7.1.Банк энэ хуулийн 5.3-т заасан хугацаанд бусад хөрөнгө оруулагчдаас өөрийн хөрөнгийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй гэж үзвэл дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг банкийг шинэчлэх төлөвлөгөөний хамт нэн даруй, эсхүл энэ хуулийн 5.3-т заасан хугацаанаас 30 хоногийн өмнө Монголбанканд гаргана.

 

7.2.Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах банк энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шалгуурыг бүрэн хангасан байна.

 

7.3.Монголбанк банкийг шинэчлэх төлөвлөгөөг сайжруулах, шинэчлэх арга хэмжээ авах, нэмэлт баримт бичиг, мэдээлэл ирүүлэхийг тухайн банкнаас шаардаж болно.

 

7.4.Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах, банкийг шинэчлэх төлөвлөгөөний агуулга, загвар, тус төлөвлөгөөнд тавих нөхцөл, шаардлага, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монголбанк батална.

 

7.5.Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргасан банк нь дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой, банкны системд нөлөө бүхий, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шалгуурыг бүрэн хангасан эсэхийг Монголбанк нэг сарын дотор хянан баталгаажуулна.

 

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан шаардлага хангасан гэдгийг Монголбанкнаас тодорхойлсон бол тухайн банкийг дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай эсэх талаарх саналыг энэ хуулийн 8.1.3-т заасан төлөвлөгөөний хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй хүргүүлнэ.

 

7.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх саналыг ажлын 3 өдрийн дотор Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 ТӨРӨӨС БАНКИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ

 

8 дугаар зүйл.Төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх нөхцөл

 

8.1.Төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэхээс өмнө банк доор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

8.1.1.банк бусад эх үүсвэр, хөрөнгө оруулагчаас энэ хуулийн 5.3-т заасан хугацааны дотор өөрийн хөрөнгийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй;

 

8.1.2.тухайн банкийг төрөөс дахин хөрөнгөжүүлэх нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж Монголбанк дүгнэсэн;

 

8.1.3.Монголбанкнаас банкийг шинэчлэх төлөвлөгөөг зөвшөөрсөн;

8.1.4.банкны системд нөлөө бүхий, дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагаа явуулах, тогтвортой ашигтай ажиллах боломжтой гэж Монголбанк дүгнэсэн;

 

8.1.5.активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд Монголбанкнаас шаардсаны дагуу эрсдэлийн тусгай болон ерөнхий санг байгуулсан;

 

8.1.6.активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнгээр тогтоосон банкны алдагдлыг банкны тухайн үеийн өөрийн хөрөнгөөр санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх;

 

8.1.7.төрөөс банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай бол хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд урьдчилан хөрвүүлсэн байх;

 

8.1.8.энэ хуулийн 8.1.6-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэгдүгээр зэрэглэлийн болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг хангалттай хэмжээгээр бууруулсан болохыг Монголбанк тодорхойлсон;

 

8.1.9.банк хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хөрвүүлэх үнийг Монголбанкнаас зөвшөөрсөн;

 

8.1.10.энэ хуулийн 7.1-д заасан хүсэлт гаргасан банк санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан.

 

8.2.Банкны системд нөлөө бүхий, дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагаа явуулах, тогтвортой ашигтай ажиллах боломжтой банк нь энэ хуулийн 5.3-т заасан хугацаанд энэ хуулийн 8.1-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Монголбанк тус шаардлагыг нэг сарын дотор хангуулахаар Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээг банканд авна.

 

8.3.Монголбанк энэ хуулийн 8.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж, энэ хуулийн 8.1-т заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн тохиолдолд энэ хуульд заасны дагуу төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлж болно.

 

8.4.Энэ хуулийн 8.2-т заасан албадлагын арга хэмжээ авсан банканд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх сүүлийн хугацаа энэ хуулийн 5.3-т зааснаас хойш нэг сарын хугацаанд байна.

 

9 дүгээр зүйл.Төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх хэлбэр

 

9.1.Төрөөс банкийг дараах хэлбэрээр дахин хөрөнгөжүүлж болно:

 

9.1.1.зах зээлийн нөхцөлтэй Засгийн газрын үнэт цаас;

9.1.2.мөнгөн хөрөнгө.

 

10 дугаар зүйл.Төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх

 

10.1.Энэ хуулийн 7.1-д заасан хүсэлт гаргаж, шаардлага хангасан банк нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулна.

 

10.2.Төрөөс банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг хэлбэрээр тухайн банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангахуйц хэмжээнд нэмэгдүүлнэ.

 

10.3.Энэ хуулийн 8.1-д заасан шаардлагыг хангасан банк нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлыг бусад хөрөнгө оруулагчаас бүрдүүлж чадаагүй бол төр тухайн банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдсан хэсгийг бүрдүүлнэ.

 

10.4.Бусад хөрөнгө оруулагч нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын 50-аас багагүй хувийг бүрдүүлсэн тохиолдолд төрөөс тухайн банкны нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын үлдэх хэсгийг бүрдүүлнэ.

 

10.5.Бусад хөрөнгө оруулагч нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын 50-аас доош хувийг бүрдүүлсэн тохиолдолд төрөөс тухайн банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын үлдэх хэсгийг, харин хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын 50 хувийг энгийн хувьцаагаар, үлдэх 50 хувийг хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг хэлбэрээр бүрдүүлнэ.

 

10.6.Банк зөвхөн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан бол төрөөс хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг хэлбэрээр нэмэгдүүлнэ.

 

10.7.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хэлбэрээр хувьцаа гаргасан бол төрөөс нээлттэй зах зээл дээр арилжаалагдсан үнээр хөрөнгө оруулна.

 

10.8.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа хаалттай хэлбэрээр гаргаж бусад хөрөнгө оруулагчид хувьцааны 50-аас багагүй хувьд хөрөнгө оруулсан бол төр бусад хөрөнгө оруулагчтай тохиролцсон үнээр тухайн банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дутагдлын үлдэх хэсэгт хөрөнгө оруулна.

 

10.9.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа хаалттай хэлбэрээр гаргаж бусад хөрөнгө оруулагчид хувьцааны 50-аас бага хувьд хөрөнгө оруулсан бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч хамтарч тогтоосон дээд үнээс илүү үнээр хөрөнгө оруулахгүй.

 

10.10.Энэ хуульд заасан хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг, давуу эрхийн хувьцааны нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч хамтран баталсан журмаар тогтооно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БАНКАНД ТӨРӨӨС ОРУУЛСАН ХӨРӨНГИЙГ УДИРДАХ,

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

 

11 дүгээр зүйл.Банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах

 

11.1.Банканд төрөөс оруулсан хөрөнгийн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн зарчмыг баримтлан үр ашигтай хэлбэрээр удирдаж, хэрэгжүүлнэ.

 

11.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь төрөөс дахин хөрөнгөжүүлсэнтэй холбоотойгоор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

11.2.1.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэхээс өмнө энэ хуулийн 10.1-д заасан гэрээг байгуулах;

 

11.2.2.Компанийн тухай хууль болон энэ хуульд заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх;

 

11.2.3.банканд төрөөс оруулсан хөрөнгийг хамтран ажиллах гэрээ, банкны дүрэм, зохих хууль тогтоомжийн дагуу хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах;

 

11.2.4.банканд төрөөс оруулсан хөрөнгийг худалдах, тус хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

 

11.2.5.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх;

 

11.2.6.дахин хөрөнгөжүүлсэн банкны үйл ажиллагааны болон оруулсан хөрөнгийн талаарх мэдээллийг хагас жил тутамд Засгийн газарт тайлагнаж, тайланг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх;

 

11.2.7.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан төрийг төлөөлөх нэг төлөөлөгчийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгуулахаар томилох;

 

11.2.8.тухайн банканд төрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээнээс хамааран төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зөвшөөрлөөр сонгуулахаар томилох.

 

11.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшлийн хувьцааны саналын эрхийг эдлэх бөгөөд төрийн эзэмшлийн хувьцаа банкны нийт хувьцааны 10 хувиас дээш тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын дараах тогтоол, шийдвэрт хориг тавих эрхтэй:

 

11.3.1.банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

11.3.2.банкны өөрийн хөрөнгийн хэмжээг өөрчлөх;

11.3.3.банкийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, өөрчлөн байгуулах, татан буулгах;

 

11.3.4.банкийг шинэчлэх төлөвлөгөөний хэрэгжилт.

 

11.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанктай төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны талаар мэдээлэл харилцан солилцох, мэдээллийн нууцыг задруулахгүй байх талаар гэрээ байгуулна. 

 

12 дугаар зүйл.Дахин хөрөнгөжүүлсэн банкны төлөөлөн удирдах

   зөвлөлийн гишүүн болон төрийг төлөөлөх төлөөлөл

 

12.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийн бүрэн эрхийг өөрийн томилсон энэ хуулийн 11.2.7-д заасан төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

 

12.2.Дахин хөрөнгөжүүлсэн банканд төрийг төлөөлөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах энэ хуулийн 11.2.8-д заасан бусад гишүүн нь доор дурдсан шалгуурыг хангасан байна:

 

12.2.1.Банкны тухай хуульд заасан банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хараат бус гишүүнд тавих шалгуурыг хангасан;

 

12.2.2.сүүлийн таван жилийн хугацаанд төрийн улс төрийн болон захиргааны албан тушаалтан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан байгаагүй;

 

12.2.3.тухайн банкны хувьцааг эзэмшдэггүй.

 

12.3.Дахин хөрөнгөжүүлсэн банканд энэ хуулийн 11.2.8-д заасан төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах гишүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг хамаарахгүй.

 

12.4.Дахин хөрөнгөжүүлсэн банканд төрийг төлөөлөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах энэ хуулийн 11.2.7-д заасан төлөөлөгч нь доор дурдсан шалгуурыг хангасан байна:

 

12.4.1.Банкны тухай хуульд заасан банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хараат бус гишүүнд тавих шалгуурыг хангасан;

 

12.4.2.сүүлийн таван жилийн хугацаанд төрийн улс төрийн албан тушаалтан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан байгаагүй;

 

12.4.3.тухайн банкны хувьцааг эзэмшдэггүй.

 

12.5.Төр банкны нийт хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшдэг бол төлөөлөн удирдах зөвлөлд энэ хуулийн 12.1-т заасан төрийг төлөөлөх этгээд дараах нэмэлт тусгай эрхийг эдэлнэ:

 

12.5.1.төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах санал гаргах;

 

12.5.2.энэ хуулийн 11.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан аливаа шийдвэрт хориг тавих.

 

12.6.Банкны төлөөлөн удирдах зөвлөлд энэ хуулийн 12.1-т заасан төрийг төлөөлөх этгээд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн банкны бие даасан байдлыг эрхэмлэнэ.

 

12.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны төлөөллийн 5 гишүүн бүхий нэр дэвшүүлэх хорооноос банкны төлөөлөн удирдах зөвлөлд энэ хуулийн 11.2.8-д заасан төрийг төлөөлөх бусад гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт хийх замаар санал болгоно.

 

12.8.Энэ хуулийн 11.2.7-д заасан төлөөлөгч нь банкны хэвийн үйл ажиллагаа, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг, банкны хөрвөх чадвар, төлбөрийн чадварыг алдагдуулах талаар төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан аливаа шийдвэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанканд мэдээлэх үүрэгтэй.

 

12.9.Энэ хуулийн 11.2.8-д заасан бусад гишүүн нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас чиглэл авахгүй, бие даасан байдлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлд шийдвэр гаргана.

 

12.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хоёр жилийн хугацаатай томилох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг доор дурдсан тохиолдолд хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно:

 

12.10.1.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь банкны хувьцаа эзэмшигч, эсхүл банкны ажилтан болсон бол;

 

12.10.2.эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

 

12.10.3.эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн;

12.10.4.ашиг сонирхлын зөрчил үүссэн.

 

12.11.Банкны гүйцэтгэх удирдлагыг Компанийн тухай хууль болон Банкны тухай хуульд заасны дагуу банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр томилж, чөлөөлнө.

 

13 дугаар зүйл.Банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт

                                       буцаан төвлөрүүлэх

 

13.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх төлөвлөгөөг Монголбанкны саналыг харгалзан баталж, хэрэгжүүлнэ.

 

13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний дагуу тухайн банканд төрөөс оруулсан хөрөнгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор төсөвт буцаан төвлөрүүлнэ.

 

13.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь банканд төрөөс оруулсан хөрөнгийг нийтэд нээлттэй болон хаалттай хэлбэрээр худалдаж болно.

 

13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний хүрээнд банканд төрөөс оруулсан хөрөнгийг худалдах үнийг төр тус банкны хувьцааг худалдаж авсан үнэ, эсхүл тухайн үеийн зах зээлийн үнээр тогтооно.

 

13.5.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, хянах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдох журмыг Монголбанкны саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРӨӨС ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛСЭН БАНКАНД

 ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

 

14 дүгээр зүйл.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд хийх

              Монголбанкны хяналт шалгалт

 

14.1.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд Монголбанк дараах байдлаар хяналт шалгалт хийнэ:

 

14.1.1.банкийг шинэчлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах, хугацаатай үүрэг, даалгавар өгөх, хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авах, шийдвэр гаргах;

 

14.1.2.төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банк энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол Монголбанк хуульд заасан хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, албадлагын арга хэмжээ авах.

 

14.2.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төлөөлөн удирдах зөвлөл банкийг шинэчлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайланг Монголбанканд хүргүүлээгүй, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан бол Монголбанк, Банкны тухай хуулийн 48.1.12-48.1.14-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

14.3.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкнаас төрийн улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, түүний холбогдох болон харилцан хамаарал бүхий этгээдэд шинээр зээл, санхүүжилт олгохыг хориглоно.

 

14.4.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд Монголбанкнаас аливаа нэмэлт шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоож болно.

 

14.5.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банк хувьцааны ногдол ашгийг зөвхөн Монголбанкны зөвшөөрлөөр хуваарилж болно.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД

 

15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага  

 

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд[9] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                     М.ЭНХБОЛД

 

 

 

 

[1] Төв банк /Монголбанк/-ны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн.

[2] Банкны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[3] Өрийн удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.

[4] Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

[5] Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[6] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн.

[7] Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

[8] Үнэт цаасны зах зээлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

[9] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн