Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/

2018/06/21 13:35 900

 

2018 оны 06 сарын 21 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

  Энэ хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ИРГЭНИЙ УЛСЫН  БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний улсын бүртгэл хөтлөх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж

 

            2.1.Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Гэр бүлийн тухай хууль[3], Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдох харилцааг Харьяатын тухай хуулиар[5], гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух, зорчих, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар[6] тус тус зохицуулна.

 

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад Монгол Улсын иргэн болон тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж, зорчиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                     4.1.1.“иргэний бүртгэлийн дугаар” гэж биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас  өгөгдсөн 12 орон бүхий тоог;

4.1.2.“иргэний улсын бүртгэл” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.2-т заасныг;

          4.1.3.“иргэний улсын бүртгэлийн дугаар” гэж иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг илэрхийлсэн дугаарыг;

 

4.1.4.“иргэний улсын бүртгэлийн лавлагаа” гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг;

 

4.1.5.“иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

 

                    4.1.6.“иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг” гэж иргэний улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийн болон регистрийн дугаарын дэвтэр, хүн амын автоматжуулсан төв регистрийн маягт, иргэний улсын бүртгэлийн маягт, хууль тогтоомжид заасан нотлох баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг;

           

           

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ

 

5 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэл хөтлөх

 

5.1.Иргэний улсын бүртгэлийг монгол хэл дээр хөтөлнө.

 

5.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч /цаашид “улсын бүртгэгч” гэх/, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэний улсын бүртгэл хариуцсан ажилтан /цаашид “бүртгэлийн ажилтан” гэх/ нь иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн энэ хуульд заасны дагуу хөтөлнө.

 

            5.3.Иргэний улсын бүртгэлд бүртгэхээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана.

 

5.4.Иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд[7] заасан хураамжийг төлнө.

 

            5.5.Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/-ын бүртгэлийн ажилтан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.8, 6.1.9, 6.1.10, 6.1.11-д заасан иргэний улсын бүртгэлийг хөтөлнө.

 

5.6.Үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, хүйс өөрчлөгдсөний, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлээс бусад иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ.

 

5.7.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс бүртгэнэ.

 

5.8.Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

5.9.Энэ хуулийн 5.5-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх журмыг улсын бүртгэлийн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

5.10.Энэ хуулийн 5.8-д зааснаас бусад баримт бичгийн загвар, маягт, регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

5.11.Гадаад хэл дээр байгаа баримт бичиг нь албан ёсны орчуулгын хамт иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт бичиг болно.

 

5.12.Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ.

 

5.13.Иргэний улсын бүртгэлийн маягт, гэрчилгээний дугаар нь энэ хуулийн 4.1.3-т заасан иргэний улсын бүртгэлийн дугаартай адил байна.

 

5.14.Иргэний улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болох бөгөөд энэ хуульд заасан нийтлэг журам нэгэн адил хамаарна.

 

6 дугаар зүйл.Төрсний бүртгэл

 

6.1.Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ:

 

           6.1.1.эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

 

6.1.2.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;

6.1.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

 

6.2.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.

 

6.3.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгээс гадна хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.

 

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан хүүхдийг энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. 

 

6.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

 

6.6.Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлнэ.

 

6.7.Энэ хуулийн 6.6-д заасан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ:

 

                        6.7.1.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

                        6.7.2.хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт.

 

            6.8.Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр энэ хуулийн 6.1-д заасан баримт бичиг болон нас барсны гэрчилгээг үндэслэн бүртгүүлж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.

 

6.9.Гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.

 

6.10.Төрснийг бүртгүүлэхээс өмнө нас барсан хүүхдийг төрсний болон нас барсны бүртгэлд бүртгүүлэхэд эцэг, эх нь энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт хүүхэд нас барсан тухай эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргана.

 

6.11.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.7, 6.8, 6.9, 6.10-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.

 

6.12.Төрсний гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

 

                        6.12.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;

6.12.2.хүүхдийн регистрийн дугаар;

6.12.3.хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

6.12.4.хүүхдийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн  газар;

6.12.5.төрсний бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;

                        6.12.6.эцгийн иргэний харьяалал, регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

 

6.12.7.эхийн иргэний харьяалал, регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

 

                        6.12.8.бүртгэсэн байгууллагын нэр;                  

6.12.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.

 

6.13.Ихэр хүүхдийн төрсний бүртгэлийг дараалан бүртгэж, төрсний гэрчилгээг тус бүрд олгоно.

 

6.14.Энэ хуулийн 6.5-д заасан өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэл хөтөлнө.

 

6.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.

 

            6.16.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно.

 

6.17.Төрсний бүртгэлд бүртгүүлэхээс өмнө хүүхэд нас барсан бол эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн төрсний болон нас барсны бүртгэлийг хөтөлнө.

 

7 дугаар зүйл.Гэрлэсний бүртгэл

 

7.1.Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ:

 

                        7.1.1.тус тусдаа гаргасан өргөдөл;

           7.1.2.гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

 

7.1.3.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг.

7.2.Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон нөхцөлд энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт шүүхийн шийдвэрийг хавсаргана.

7.3.Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт хавсаргана. 

 

            7.4.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан баримт бичигт тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана.

 

7.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 7.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлийг хөтөлнө.

 

7.6.Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.

 

7.7.Гэрлэлтийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

                       

7.7.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;

7.7.2.эрэгтэйн регистрийн дугаар;

7.7.3.эрэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

 

7.7.4.эмэгтэйн  регистрийн дугаар;

7.7.5.эмэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

 

                        7.7.6.бүртгэсэн он, сар, өдөр;

                        7.7.7.бүртгэсэн байгууллагын нэр;

                        7.7.8.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.

 

8 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

 

8.1.Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангаж байгаа, гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ:

 

8.1.1.тус тусдаа гаргасан өргөдөл;                                                                                                    

           8.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

                                                                                              

8.1.3.гэрлэлтийн гэрчилгээ.

 

8.2.Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол энэ хуулийн 8.1.1-д заасан өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

8.3.Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ:

 

8.3.1.иргэний үнэмлэх;

8.3.2.гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр.

 

8.4.Гэрлэгчид Монгол Улсын иргэн, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол тэдгээр нь гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг үндэслэн гэрлэлт дуусгавар болсныг иргэний улсын бүртгэлд бүртгүүлж болно.

 

8.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 8.1, 8.2, 8.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор, 8.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө.

 

8.6.Гэрлэгч нас барсны бүртгэлд бүртгэгдсэн бол гэрлэлт дуусгавар болгосныг иргэний улсын бүртгэлд бүртгэнэ.

 

9 дүгээр зүйл.Гэрлэлт сэргээсний бүртгэл

 

            9.1.Иргэн гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

                       

9.1.1.тус тусдаа гаргасан өргөдөл;

           9.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

 

9.2.Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэрийг энэ хуулийн 9.1-д заасан баримт бичигт хавсаргана.

 

            9.3.Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэрийг энэ хуулийн 9.1-д заасан баримт бичигт хавсаргана.

 

9.4.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтөлнө.

 

10 дугаар зүйл.Эцэг /эх/ тогтоосны бүртгэл

 

10.1.Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

 

10.1.1.эцэг, эхийн өргөдөл;

           10.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

 

10.1.3.гэрлэлтийн гэрчилгээ;

10.1.4.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.

 

10.2.Хэрэв эцэг, эхийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол эцэг /эх/ тогтоолгох тухай өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

10.3.Хүүхдийн эцэг /эх/ болохыг шүүхээс тогтоосон бол эцэг /эх/ нь дараах баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, бүртгүүлнэ:

 

            10.3.1.эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

 

10.3.2.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;

            10.3.3.эцэг /эх/ болохыг тогтоосон шүүхийн шийдвэр.

 

10.4.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтөлнө.

 

10.5.Гадаад улсын хууль тогтоомжоор Монгол Улсын иргэнтэй холбоотой эцэг, эх тогтоосныг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлж болно.

 

11 дүгээр зүйл.Үрчилсний бүртгэл

 

11.1.Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана:

 

                        11.1.1.өргөдөл;

11.1.2.хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл;

                        11.1.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;

 

11.1.4.гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;

                      11.1.5.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл.

 

11.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан баримт бичигт Гэр бүлийн тухай хуулийн 55.2, 55.3, 55.4-т заасан зөвшөөрлийн аль тохирохыг хавсаргана.

11.4.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна.

11.5.Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.

11.6.Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.

 

11.7.Эрх бүхий байгууллага, үрчлэн авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, үрчлүүлсэн эцэг, эхэд үрчлэн авсан эцэг, эхийн зөвшөөрлөөр иргэний улсын бүртгэлийн лавлагаа гаргаж өгч болно.

 

11.8.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ.

 

12 дугаар зүйл.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл

 

            12.1.Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ:

 

                        12.1.1.өргөдөл;

                        12.1.2.төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

                       

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

 

12.2.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчилж байгаа иргэн гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;

 

12.2.2.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчилж байгаа иргэн хүүхэдтэй бол түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;

 

12.2.3.иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөх бол түүний эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн зөвшөөрөл;

 

12.2.4.иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөх бол түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрөл;

 

            12.2.5.иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол шүүхийн шийдвэр.

 

12.3.Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно:

 

          12.3.1.эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол;

 

                     12.3.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол;

 

           12.3.3.эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол;

 

           12.3.4.иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй.

 

12.4.Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно.

 

12.5.Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно.

 

            12.6.Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө.

 

            12.7.Иргэн овог, нэрээ өөрчилснийг бүртгэлд бүртгүүлсэн бол түүний овог, нэрээр овоглосон хүүхдийн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулна.

 

12.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн[8] 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад энэ хуулийн 12.4 дэх хэсэг хамаарахгүй.

 

12.9.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөхийг хориглоно.

 

13 дугаар зүйл.Нас барсны бүртгэл

 

13.1.Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ:

 

                        13.1.1.иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;

           13.1.2.иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр;

                        13.1.3.нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;

                        13.1.4.гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэр.

 

            13.2.Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ:

 

13.2.1.нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг;

 

                        13.2.2.ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж, цэргийн алба хааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл хорих байгууллагад ял эдэлж байсан бол тухайн байгууллагын захиргааны, цогцос олдсон тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан;  

 

                        13.2.3.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт нас барсан бол Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд.

 

13.3.Энэ хуулийн 13.2.1-д заасан этгээд нас барагчийг бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, 13.2.2, 13.2.3-т заасан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд бол түүнийгээ нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

 

13.4.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 13.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор нас барсны бүртгэл хөтөлнө.

 

13.5.Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

 

                        13.5.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;

13.5.2.нас барагчийн регистрийн дугаар;

13.5.3.нас барагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

13.5.4.нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн  газар;

13.5.5.нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг;

 

13.5.6.нас барсан он, сар, өдөр;

13.5.7.нас барсны бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;

                        13.5.8.бүртгэсэн байгууллагын нэр;

13.5.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.

 

13.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт нас барсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэлийг энэ хуульд заасны дагуу хөтөлж болно.

 

13.7.Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгоно. 

 

14 дүгээр зүйл.Хүйс өөрчлөгдсөний бүртгэл

 

14.1.18 нас хүрсэн иргэн хүйсээ өөрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр бүртгүүлнэ:

                       

           14.1.1.өргөдөл;

                        14.1.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ;

                        14.1.3.эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг.

                       

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

 

           14.2.1.гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

 

           14.2.2.хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол  эцэг /эх/-ийн өргөдөл;

 

                        14.2.3.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.

                                   

            14.3.Улсын бүртгэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг хөтөлнө.

 

15 дугаар зүйл.Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл

/гарын хурууны хээ/

 

15.1.Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлнэ.

15.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тодорхойлолтыг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

 

 

            16.1.Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна.

 

            16.2.Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэн анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгоно.

 

            16.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгосон иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоно. 

 

16.4.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оршин суух хаяггүй иргэн, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэн тухайн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгож болно.           

 

            16.5.Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

 

                        16.5.1.төрсний гэрчилгээ;

                        16.5.2.эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх.

 

16.6.Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

 

            16.7.Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насанд сольж авахад нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 45 өдрийн дотор олгоно.

 

16.8.Иргэний үнэмлэхийг дахин авах тохиолдолд нийслэлд ажлын 3, суманд ажлын 10, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор олгоно.

 

            16.9.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийг иргэнд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.

 

16.10.Монгол Улсын харьяатаас гарсан хүний Монгол Улсын иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Дипломат төлөөлөгчийн газар хураан авч, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

17 дугаар зүйл.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт

 

17.1.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт нь гадаад улсад Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг болно.

           

17.2.Үндэсний гадаад паспорт нь дипломат, албан, энгийн гэсэн төрөлтэй байна.

 

17.3.Дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа 5 жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. 16-аас доош насны хүүхдэд энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоно.

 

17.4.Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална.

 

17.5.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтыг дараах байгууллага олгоно:

 

                        17.5.1.дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

 

17.5.2.энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар;

 

17.5.3.Монгол Улсад буцах үнэмлэхийг Дипломат төлөөлөгчийн газар;

17.5.4.хил нэвтрэх үнэмлэхийг орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасаг.

 

            17.6.Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр  бүртгүүлнэ:

 

                        17.6.1.иргэний үнэмлэх;

17.6.2.16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэр.

 

            17.7.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.

 

17.8.Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсад буцах үнэмлэх авах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

 

17.9.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн энгийн гадаад паспорт, хил нэвтрэх үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлж болно.

 

18 дугаар зүйл.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл

 

18.1.Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.

 

18.2.Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн  байна.

 

18.3.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, баг, хорооны нэр, дугаар, хороолол, гудамжны нэр, байр, хаалганы дугаар, газар зүйн нэр /газар, усны/-ийг бүртгэнэ.

 

18.4.16 хүртэлх насны хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл нь түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байнга оршин суугаа газрын хаягаар тодорхойлогдоно.

 

19  дүгээр зүйл.Шилжилт хөдөлгөөний бүртгэл

 

            19.1.Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:

 

                     19.1.1.иргэний үнэмлэх;

19.1.2.16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ;

           

19.1.3.оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг;

19.1.4.хуульд заасан бусад.

 

19.2.Улсын бүртгэгч энэ хуулийн 19.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтөлнө.

 

19.3.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түдгэлзүүлэхийг хориглоно.

 

19.4.Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно.

 

19.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг Засгийн газар батална.

 

20 дугаар зүйл.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан,     

иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл

 

20.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

 

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан байгууллага Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг хийсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

 

20.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяалал сэргээн тогтоосны бүртгэлийг хөтөлнө.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

21 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд

                                    нэмэлт, өөрчлөлт оруулах

 

21.1.Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

21.2.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна.

 

21.3.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно.

 

21.4.Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ. 

 

22 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийг сэргээн тогтоох

 

22.1.Улсын бүртгэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, эсхүл шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийг сэргээн тогтооно.

 

23 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох

                              

23.1.Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.

 

23.2.Улсын бүртгэгч нь тухайн иргэний регистрийн дугаар, эсхүл нэг төрлийн иргэний улсын бүртгэл 2, эсхүл түүнээс олон удаа хөтлөгдсөн бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгоно.

 

23.3.Энэ хуулийн 23.2-т энгийн гадаад паспортын бүртгэл хамаарахгүй.  

 

24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох

 

24.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно:

 

                        24.1.1.иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл баримт бичгийн хүчинтэй байх хугацаа дууссаны улмаас хууль ёсны баримт бичиг болж чадахгүй болсон, эсхүл энгийн гадаад паспортын хуудсанд тэмдэглэгээ хийх зай байхгүй;

 

                        24.1.2.иргэний улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт орсон, сэргээн тогтоосон;

 

24.1.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[9] 150 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан.

 

24.2.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэнд хүүхдийн төрсний гэрчилгээг, гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт нь хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тооцсон иргэнд гэрлэлтийн гэрчилгээг дахин олгохгүй.

 

24.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрсний гэрчилгээг дахин олгохдоо анхны мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН

МЭДЭЭЛЛИЙН САН

 

25 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан

 

25.1.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг устгах, хуульд өөрөөр заагаагүй бол өөрчлөх, дамжуулах, зориулалтын бусаар ашиглах, хуулбарлахыг хориглоно.

 

26 дугаар  зүйл.Иргэний улсын бүртгэлийн эх нотлох

                                      баримт бичгийн архив

 

26.1.Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын үндсэн баримт нь төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, хүйс өөрчлөгдсөний, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, шилжилт хөдөлгөөний, нас барсны бүртгэлийн эх нотлох баримт бичиг, иргэний улсын бүртгэлийн маягт болон регистрийн дугаар, иргэний улсын бүртгэлийн дэвтрээс бүрдэнэ.

 

26.2.Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн нэг хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний баримтын архивт, хоёр дахь хувийг орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтсийн иргэний баримтын архивт тус тус хадгална.

 

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан архивын баримт бичгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар[10] зохицуулна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ХҮН АМ, ӨРХИЙН БОЛОН СОНГОГЧИЙН БҮРТГЭЛ

 

27 дугаар зүйл.Хүн ам, өрхийн бүртгэл

 

27.1.Статистикийн тухай хуулийн[11] 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баг, хорооны Засаг дарга хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг хөтөлнө.

 

            27.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 27.1-д заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагатай харилцан солилцоно.

 

28 дугаар зүйл.Сонгогчийн бүртгэл

 

28.1.Сонгогчийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

 

28.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

29 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[12] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[13], эсхүл  Зөрчлийн тухай хуульд[14] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 

            30.1.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                   М.ЭНХБОЛД

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[3] Гэр бүлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[4] Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль “Төрийн мэдээлэл”           

  эмхэтгэлийн 1994 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[5] Харьяатын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 10, 11 дугаарт нийтлэгдсэн.

[6] Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 32      

  дугаарт нийтлэгдсэн.

[7] Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 1 дугаарт

  нийтлэгдсэн.

[8] Гэр, хохирогчийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 30 дугаарт            

  нийтлэгдсэн.

[9]  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 8                

    дугаарт нийтлэгдсэн.

[10] Архивын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[11] Статистикийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[12] Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[13] Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[14] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.