Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай

2017/06/30 12:09 485

 

2017 оны 06 сарын 30 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН

 ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт

                                 тэтгэмж олгох хууль тогтоомж

 

2.1.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Нийгмийн халамжийн тухай хууль[2], Гэр бүлийн тухай хууль[3], Хөдөлмөрийн тухай хууль[4], Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль[5], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан  бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

            3.1.1.“асран хамгаалагч, харгалзан дэмжигч” гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг;

 

            3.1.2.“хүүхэд үрчлэн авах” гэж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд үрчлэн авахыг;

 

3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;

 

3.1.4.“өрх толгойлсон эх, эцэг” гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг.

 

4 дүгээр зүйл.Хуулийн хамрах хүрээ

 

4.1.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдана.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭМЖИЙН ТӨРӨЛ

 

5 дугаар зүйл.Тэтгэмжийн төрөл

 

5.1.Төрөөс олгох тэтгэмж дараахь төрөлтэй байна:

 

5.1.1.жирэмсэн эхийн тэтгэмж;

5.1.2.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;

5.1.3.ихэр хүүхдийн тэтгэмж;

5.1.4.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж.

 

6 дугаар зүйл.Тэтгэмж авах эрх

 

6.1.Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

 

6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

 

6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

 

6.4.0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

 

7 дугаар зүйл.Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

 

7.1.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

 

7.2.Энэ хуулийн 5.1.4-т заасан тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

 

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмж олгох журмыг Засгийн газар батлах бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

            7.4.Энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.

 

7.5.Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

8 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

8.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд[6] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[7], эсхүл Зөрчлийн тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.

                                                                                                           

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

9.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Нийгмийн халамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

[3] Гэр бүлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[4] Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[5] Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт

  нийтлэгдсэн.

6 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

7 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

8 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.