Мэндчилгээ

2013/11/26 17:00 565

Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан, анхны Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг хүргэе. Монгол Улс 1924 оны 12 дугаар сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 89 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тусгаар улс байна гэдэг ямархан аугаа хувь заяа, бусдын өмнө гайхуулах бардамнал, өөртөө итгэх итгэл бас омогшил байдгийг Монгол хүн бүр хэзээд умартах ёсгүй.

Эзэн Чингис хааны Их Монгол Улсаас эхтэй Монголын төрт улсаа байгуулсан туух VIII Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл, 1945 оны 10 дугаар сарын 20-ны анх удаа бүх нийтээрээ тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн тэмдэглэлт явдал,

1961 оны 10 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэж дэлхийд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл явдлаар баталгаажиж өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улс цогцолсон билээ.

Анхдугаар Үндсэн хууль өнөөгийн Монгол Улсын түүхэнд анх удаа Монголын ард түмний улс төрийн эрхийг нь баталгаажуулж, бүрэн эрхт шинэ Монгол Улсын цаашдын дэвшил, хөгжлийн хууль эрх зүйн болон эдийн засгийн баттай үндэс суурийг тавьж, парламентын ёсыг анх удаа тогтоосон түүхэн ач холбогдол нь он цагийн аясаар элэгдэж бүдгэрэх бус улам гэрэлтэн тодрох ёстой.

Нийгмийн шинэ харилцааг тогтоох, эх оронд бүтээн байгуулалт өрнүүлэх, хүн ардаа эрүүлжүүлэх, бичиг соёлтой болгох, улс ардын аж ахуйн салбарыг цогцлоон бүрдүүлэхээр зорьж ирсэн их хэрэг амар хялбар дардан шулуун байсангүй.

Шинэ нийгмийг байгуулах явцад учирдаг үзэл санааны зөрчилдөөн, эсэргүүцэл, эдийн засгийн ядуу буурай хоцрогдонгуй байдал, манай тусгаар тогтнолыг боймлохоор санаархагчдын явуулга, гадны түрэмгийллийг Монголын ард түмэн олон мянган эх орончдынхоо халуун амь, бүлээн цус, хөлс, эв нэгдэл, шаргуу дайчин хөдөлмөр хамтын зориг,

бүтээлч хөдөлмөрөөрөө даван туулж ирсний үр дүнд феодалын хоцрогдсон Монгол орон дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхсан боловсрол соёл өндөр, мэргэжил чадвар, оюуны арвин потенциалтай эх орныхоо эзэн болсон иргэдтэй, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүхий л салбар хөл дээрээ босож НҮБ-ын бүрэн эрхт гишүүн сансрын гүрэн болсон юм.

1990 оны ардчилсан өөрчлөлтийг монголчууд аядүү тайван хүлээн авч, өвгөд дээдсээс уламжлан бидний ухамсар, зан заншил, оюун санаанд тогтон оршсоор ирсэн ардчиллын хэлбэрийг дэлгэн хөгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бэхжүүлж, шинэ нийгэм байгуулахаар зориглон замнаж буй билээ.

Эх орны сөөм газар, атга шорооны төлөө төлж байсан их үнийг бид үе үеийн үед санан дурсаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж, түүний үнэ цэнэ, мөн чанарыг эд эс, оюун бодолдоо хадгалан тээж хойч залуу үедээ нэр төртэй залгамжлуулах ёстой.

Бид туулж ирсэн түүхээрээ бахархаж тусгаар тогтнолд хохирол учруулж болох алдаа сургамжийг байнга санаж, гоё ганганд хууртаж, зовлон бэрхшээлд сөгдөлгүй “эв санаагаа нэгтгэн нэгэн зүгт зориглон" маргаашийн хөгжил дэвшил, аз жаргалтай амьдрал, гэрэлт ирээдүйн төлөө тэмцэх үүргийг өвөг дээдэс, хойч ирээдүйнхээ өмнө хүлээж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цус, ухамсарт амьдралаа зориулсан цогтой эх орончдын гэгээн үйлсийг дурсан хүндэтгэе.

Монгол улс цэцэглэн хөгжиж, мандан бадрах болтугай.

Монгол ардын намын дарга М.Энхболд

Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат