Зөрчил шалган шийдвэрлэх тухай

2017/05/18 11:53 408

 

2017 оны 05 сарын 18 өдөр                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

Зөрчил шалган шийдвэрлэх тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

 

  • дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж

                        

1.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.

 

2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

 

            3.Дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.

 

1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

   1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

1.1.“зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;

 

1.2.“зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

 

1.3.“зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан” гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;

 

1.4.“оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

 

1.5.“хувийн баримт бичиг” гэж Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, гадаадын иргэний паспорт, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг.

 

            2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.

 

            1.5 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэл, бичиг

 

      1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.

 

            2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл  хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

 

1.6 дугаар зүйл.Хугацаа тоолох

 

1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.

 

2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.

 

3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.

 

4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.

 

5.Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна.

 

6.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.

 

7.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

 

8.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, саатуулагдсан хүн тухайн байгууллагын, эсхүл саатуулах байрны захиргаанд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.

 

1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал

 

1.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

 

2.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.

 

   1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

                            

   1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.      

 

   2.Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно.

 

   3.Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.

 

   4.Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно.

 

  5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

 

6.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:

 

6.1.консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгээр  зүйлд заасан зөрчил;

 

6.2.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 2.8 дахь заалт, 7.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

 

6.3.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил;

 

6.4.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай  хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17, 15.28 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27ы өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт,  5.10 дугаар зүйл, 11.29 дүгээр зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

6.6.олон нийтийн цагдаагийн ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.2, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 43, 44, 46, 49, 52 дахь хэсэгт заасан зөрчил;

 

6.7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13,  5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

 

6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 4, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.16, 5.18 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 11, 12, 13 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 4, 5, 7, 9 дэх хэсэг, 6.21, 6.22 дугаар зүйл, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.8 дугаар зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил;

 

6.9.ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар  зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.27 дугаар зүйлд заасан зөрчил;

 

                        6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 5.15, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг,  6.19, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

 

                        6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 6.1 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дахь заалт, 6.12 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 11.21 дүгээр зүйл, 11.22 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

                        6.12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  9.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3  дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

 

                        6.13.гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

 

                        6.14.оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  6.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт,  10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь заалт, 10.18 дугаар зүйл, 11.3 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 2.4, 5.4 дэх заалт, 11.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 11.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

                        6.15.нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

 

                        6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

                       

                        6.17.гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

 

                        6.18.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг, 11.30, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

                        6.19.Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.8 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3 ,4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

                        6.20.улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг,  10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөрчил;

 

                        6.21.архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.26 дугаар зүйлд заасан зөрчил;

                       

                        6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

 

                        6.23.статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.21, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил;

 

                        6.24.нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.8, 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

                       

                        6.25.төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

 

                        6.26.хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 10.23 дугаар зүйл,  15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

                       

6.27.улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 7, 8, 10, 11 дэх  хэсэг, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

6.28.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-12 дахь хэсэгт заасан зөрчил.

/Энэ заалтыг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

7.Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг  8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

 

8.Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна.

 

9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

 

10.Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.

 

   1.9 дүгээр зүйл.Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол

 

1.Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:

 

1.1.зөрчлийн шинжгүй;

1.2.Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

1.3.тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон;

 

1.4.зөрчил үйлдсэн хүн нас барсан;

1.5.тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.

 

1.10 дугаар зүйл.Хэтэрсэн хугацааг сэргээх

 

1.Оролцогч хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргавал зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хэтэрсэн хугацааг сэргээх шийдвэр гаргаж болно.

 

2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан оролцогчийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх асуудлыг шийдвэрлэх хүртэл тухайн хугацаанаас хамааралтай гарсан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.

 

3.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргаж болно.

 

4.Энэ зүйлд заасан хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.

 

5.Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан прокурорын  шийдвэрт тухайн нэгжийн дээд шатны прокурорт нэг удаа гомдол гаргаж болно.

 

6.Энэ зүйлд заасан хэтэрсэн хугацааг сэргээх нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд хамаарахгүй.

 

1.11 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал

 

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараахь зардал хамаарна:

 

            1.1.хохирогч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал;

 

1.2.эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, устгахад гарах зардал;

1.3.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал;

 

1.4.хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал.

 

            2.Шинжээч, орчуулагч, хэлмэрчид урамшуулал олгож болно.

 

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны зардлыг тооцох журмыг Засгийн газар батална.

 

            4.Албан үүргийн дагуу оролцсон шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчид энэ зүйлд заасан урамшуулал олгохгүй.

 

            5.Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоовол түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.

 

6.Хэд хэдэн холбогдогч зөрчил үйлдсэн нь тогтоогдвол энэ зүйлд заасан зардлын хэмжээг холбогдогч нэг бүрийн үйлдсэн зөрчил, хохирлын хэр хэмжээг харгалзан эрх бүхий албан тушаалтан, шүүх хуваарилж тогтооно.

 

7.Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлээс чөлөөлөгдсөн холбогдогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна.

 

8.Энэ хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл холбогдогч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлнө.

 

            1.12 дугаар зүйл.Эрх бүхий албан тушаалтны шийдвэр,

                         үйл ажиллагаанд гомдол гаргах

 

1.Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно. 

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг бичгээр гаргана.

 

3.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

 

4.Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

 

5.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш  ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

 

6.Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.

 

7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

 

8.Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална.

 

          1.13 дугаар зүйл.Хүсэлт гаргах

 

1.Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд  эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно.

 

2.Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна.

 

3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

3.1.хүсэлтийг бүрэн хангах;

3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах;

3.3.хүсэлтийг хангахаас татгалзах.

 

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

 

5.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийдвэрт гомдол гаргах, түүнийг энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

 

1.14 дүгээр зүйл.Саатуулагдсан хүний гомдол, хүсэлтийг шилжүүлэх

 

1.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу саатуулагдсан хүн энэ хуульд заасан гомдол, хүсэлт гаргасан бол тухайн байгууллага, эсхүл саатуулах байрны захиргаа, гомдол, хүсэлтийг 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлнэ.

 

2.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг прокурорт, мөн зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг шүүхэд гаргана.

 

1.15 дугаар зүйл.Хүсэлт, гомдлыг  зөрчлийн хэрэгт хавсаргах

 

1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи тэмдэглэл, холбогдох бүх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

 

         ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

 

            2.1 дүгээр зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх

  

   1.Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ.

 

   2.Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.

 

   2.2 дугаар зүйл.Прокурор

 

   1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        1.1.зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

 

   1.2.зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх;

 

                        1.3.энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;

 

1.4.оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;

 

1.5.хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах;

1.6.эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

 

   1.7.прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх;

 

   1.8.энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;

 

1.9.зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

            1.10.зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

 

1.11.эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;

 

1.12.энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүй арга хэмжээ авсан бол цуцлах, саатуулагдсан хүнийг суллах;

 

           1.13.зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

 

1.14.зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

 

1.15.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;

 

1.16.зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

1.17.хуульд заасан бусад.

 

            2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

 

            3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

 

            4.Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

            5.Оролцогч дараахь үндэслэлээр прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:

 

5.1.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол;

5.2.тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол.

 

            6.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно.

 

            7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй.

 

            2.3 дугаар дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг

                                                      удирдах албан тушаалтан

 

1.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

1.1.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;

 

1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

 

1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах;

 

1.4.шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;

 

1.5.зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах;

 

1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;

 

                        1.7.шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

 

            2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.

 

            3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр албан тушаалтныг томилно.

 

            4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

           

            5.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

 

   2.4 дүгээр зүйл.Эрх бүхий албан тушаалтан

 

   1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;

 

                        1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх;

                        1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;

 

                        1.4.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;

 

                        1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;

 

                        1.6.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;

                        1.7.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах;

 

                        1.8.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх;

 

            1.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах;

 

                        1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж,  албадлагын арга хэмжээ авах;

 

                        1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;

 

                        1.12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах;

 

                        1.13.шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

                        1.14.хуульд заасан бусад.

 

            2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргаж болно.

 

            3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, зөрчлийн хэргийг шалгуулахаар өөр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

 

            4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахгүй.

 

            5.Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан  гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.

 

            6.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

 

            3.1 дүгээр зүйл.Холбогдогч

 

            1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.

 

            2.Холбогдогч дараахь эрхтэй:

 

               2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

               2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

                        2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

 

   2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

                        2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

     2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

 

   2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

 

                        2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

 

                        2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;

                        2.10.хуульд заасан бусад.

         

3.Холбогдогч дараахь үүрэгтэй:

 

3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

 

3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

 

3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.

 

4.Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

3.2 дугаар зүйл.Хохирогч

 

1.Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.

 

2.Хохирогч дараахь эрхтэй:

 

2.1.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

2.2.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

 

   2.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

   2.4.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

 

   2.5.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

 

                        2.6.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.7.зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;

 

2.8.зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.9.хуульд заасан бусад.

 

3.Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.

 

4.Хохирогч дараахь үүрэгтэй:

 

4.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

 

4.2.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

4.3.зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх.

 

3.3 дугаар зүйл.Өмгөөлөгч

 

1.Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.

 

2.Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.

 

3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

 

4.Өмгөөлөгч дараахь эрхтэй:

 

4.1.холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих;

 

4.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

4.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

 

4.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг зөрчлийн хэрэгт бэхжүүлж тусгуулах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах  хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;

 

4.5.өмгөөлж байгаа хохирогч, холбогдогчийн, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа зөрчил шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;

 

4.6.өөрийн    оролцсон зөрчил шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

 

4.7.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;

 

4.8.эрх бүхий албан тушаалтан, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

 

4.9.зөрчлийн хэрэгтэй танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

 

4.10.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

 

4.11.хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

4.12.энэ хуульд заасан бусад.

 

5.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

 

6.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээс татгалзаж болохгүй.

 

3.4 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрч

 

1.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй.

 

2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болно.

 

3.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:

 

3.1.өөрийн оролцсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

 

3.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах.

 

4.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:

 

4.1.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлэх;

 

4.2.үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх;

4.3.үнэн зөв орчуулсан, хэлмэрчилснээ баталж баримт бичиг, эсхүл өөрийн оролцоотой явагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурах;

 

4.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууц, зөрчлийн хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх;

 

4.5.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх.

 

5.Энэ хуульд заасан журам нь сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүний дохио, зангаа, тусгай тэмдэгтийг хэлмэрчлэхэд нэгэн адил хамаарна.

 

6.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулах, эсхүл энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд хэлмэрч, орчуулагчийг оролцуулахгүй байж болно.

 

3.5 дугаар зүйл.Хууль ёсны төлөөлөгч

 

1.Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:

 

1.1.арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;

 

1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.

 

2.Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.

 

3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараахь хүн төлөөлж болохгүй:

 

3.1.хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол;

3.2.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол.

 

4.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзвэл 72 цагийн дотор өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

 

5.Хуулийн этгээд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхээс хууль ёсны төлөөлөгчийг томилж болно.

 

6.Холбогдогчоос өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй.

 

7.Прокурор эрх бүхий албан тушаалтны саналаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хуулийн этгээдийг татан буулгахгүй, улсын бүртгэлийн жагсаалтын мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байхыг зохих байгууллагад даалгаж болно.

 

8.Прокурор эрх бүхий албан тушаалтны саналаар энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан даалгаврыг цуцалж, энэ тухай зохих байгууллагад даруй мэдэгдэнэ.

 

9.Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан шийдвэрлэнэ.

 

10.Оролцогч энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

 

11.Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

 

12.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, тэдгээртэй адилтгах нэгжид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

 

3.6 дугаар зүйл.Гэрч

 

1.Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ.

 

2.Гэрч зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

3.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

 

3.7 дугаар зүйл.Хөндлөнгийн гэрч

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

 

2.Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.

 

3.Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргаж болно.

 

4.Хөндлөнгийн гэрч зөрчил шалгах ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

 

5.Энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗӨРЧИЛ ШАЛГАХ ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

 

4.1 дүгээр зүйл.Зөрчил шалгах ажиллагаа

 

1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.

 

2.Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.

 

3.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана.

 

4.Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ.

 

5.Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.

 

4.2 дугаар зүйл.Прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа

 

1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ.

 

2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах зөвшөөрлийг прокуророос авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2, 22.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

3.Хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт  заасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол хүчинтэйд тооцох эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

4.3 дугаар зүйл.Үзлэг хийх

 

            1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ.

 

2.Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ.

 

3.Хүний биед хийх үзлэгийг энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.8, 6.11, 6.13, 6.24, 6.25 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтан хийнэ.

 

4.Үзлэг хийхдээ тухайн хүнд байгаа зүйлийг нь гаргуулах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.

 

5.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзнэ.

 

6.Үзлэг хийхэд хугацаа шаардагдах, эсхүл бусад үндэслэл байвал эрх бүхий байгууллага дээр хийж болно.

 

7.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

 

8.Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.

 

9.Үзлэг хийх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюул, орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, бусад эд зүйл байна гэж үзвэл  холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно.

 

10.Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно.

 

11.Эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзлэг хийлгэхээс татгалзсан,  эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ.

 

4.4 дүгээр зүйл.Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

 

1.Эрх бүхий албан тушаалтан нь байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна.

 

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно.

 

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хүн, байгууллага, албан тушаалтан прокурорын зөвшөөрөл, эсхүл эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан хугацаа, хэлбэрийн дагуу мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцыг хадгална.

 

  • дугаар зүйл.Эд зүйл, баримт бичиг хураан авах

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна.

 

      2.Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

 

      4.6 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх

 

            1.Хураан авах эд хөрөнгө нь овор хэмжээ, эсхүл бусад шалтгаанаар зөрчлийн хэрэгт хадгалах боломжгүй бол байгаа газарт нь битүүмжилнэ.

 

      2.Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, тухайн хүнд өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ.

 

      3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулна.

 

4.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, үзлэг хийх ажиллагаатай хамтатган явуулж болно.

 

      5.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

4.7 дугаар зүйл.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн хэрэгсэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгана.

 

4.8 дугаар зүйл.Мэдүүлэг авах

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна.

 

2.Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.

 

3.Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд  үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.

 

4.Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй.

 

5.Тухайн хүн хүсвэл мэдүүлгийг бичгээр авч болно.

 

6.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна.

 

7.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно.

 

8.Мэдүүлэг өгч байгаа хүн тоо болон санахад төвөгтэй бусад зүйлийн талаар мэдүүлэг өгөх бол эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр баримт бичиг, бичлэг ашиглаж болно. Ашигласан баримт бичиг, бичлэгийн тухай тэмдэглэлд тусгаж, боломжтой бол мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргана.

 

9.Мэдүүлэг өгч байгаа хүнд эд мөрийн баримтыг үзүүлэх, тухайн зөрчлийн талаар бусад хүнээс өгсөн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар мэдүүлэг авч болно.

 

10.Мэдүүлэг авах ажиллагааг 3 цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт 6 цагаас хэтэрч болохгүй.

 

11.Мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно.

 

            12.Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

 

13.Доор дурдсанаас бусад тохиолдолд мэдүүлгийг шөнийн цагаар авахыг хориглоно:

 

            13.1.шөнийн цагаар явагдаж байгаа үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний газарт гарсан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх бол;

 

            13.2.олон нийтийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй бол;

 

            13.3.зөрчлийн ул мөр устах, холбогдогч оргон зайлж болзошгүй;

            13.4.гудамж, талбай, олон нийтийн газарт шөнийн цагаар үйлдэгдсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шалган шийдвэрлэх бол.

           

14.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж,  мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна.

 

15.Мэдүүлэг өгч байгаа хүнд мэдэгдэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж болно.

 

4.9 дүгээр зүйл.Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах

 

1.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгч, шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг байлцуулна.

 

2.Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр хууль ёсны төлөөлөгч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан арван найман насанд хүрээгүй хүнээс асуултыг зөв ойлгосон, хариултаа зөв илэрхийлсэн эсэхийг тодруулан асууж, тайлбарлаж болно.

 

3.Арван найман насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 1 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болно. Мэдүүлгийг 1 цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 2 цагаас илүүгүй байна.

 

4.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахдаа энэ хуулийн 4.8 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

4.10 дугаар зүйл.Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах

 

1.Шинжилгээ хийх зорилгоор хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтнаас хэв загвар, дээж авч болно.

 

2.Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж болно.

 

3.Орчин тойрондоо аюул учруулж болзошгүй мал, амьтан, тэсэрч дэлбэрэх, хорт бодис, бусад байдлаар аюул учруулж болзошгүй эд зүйлээс хэв загвар, дээж авахдаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна.

 

4.Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горимыг Засгийн газар батална.

 

5.Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

4.11 дүгээр зүйл.Шинжилгээ хийлгэх

 

1.Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.

 

2.Дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно:

 

                        2.1.гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох;

 

                        2.2.холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шаардлагатай бол;

 

                        2.3.холбогдогчийн насыг гэрчлэх баримт бичиг байхгүй бөгөөд түүний насыг тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол.

 

3.Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно.

 

4.Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж болно.

 

5.Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

 

6.Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно.

 

7.Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд[2] заасан журмыг баримтална.

 

8.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

  4.12 дугаар зүйл.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд

            зүйлийн талаар авах арга хэмжээ

 

   1.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийн талаар авах арга хэмжээтэй холбогдон үүсэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1, 21.3, 21.4, 21.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.

 

   4.13 дугаар зүйл.Тэмдэглэл үйлдэх журам

 

            1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана:

 

1.1.ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал;

1.2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа;

 

1.3.ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа;

 

1.4.ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар;

 

1.5.зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил;

 

1.6.ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл;

 

1.7.ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай;

1.8.оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн.

 

2.Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.

 

3.Тэмдэглэлд нэмэлт оруулсан, засвар хийсэн бол ямар засвар, өөрчлөлт хийсэн талаар тусгаж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аргаар баталгаажуулна.

 

4.Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана.

 

5.Ажиллагааны явцад хийсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана.

 

6.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

 

7.Энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.

 

8.Тэмдэглэл үйлдэх, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1, 28.2 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

 

4.14 дүгээр зүйл.Нотлох баримт

 

            1.Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.

 

            2.Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.

 

3.Иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно.

 

4.Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.

 

4.15 дугаар зүйл.Зөрчлийг нотлох

 

1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.

 

2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно.

 

3.Прокурор, эрх бүхий албан тушаалтанд  оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.

 

4.Оролцогчийн гаргасан нотлох баримт шалгуулах хүсэлтийг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

 

5.Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

6.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн зөрчлийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ

5.1 дүгээр зүйл.Эрх хязгаарлах арга хэмжээ

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна:

 

1.1.хүнийг саатуулах;

                        1.2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох;

1.3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах;

1.4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.

 

            2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно.

 

3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч дараахь тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална:

 

3.1.зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан;

3.2.эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан;

3.3.эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон.

 

            4.Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

 

             5.Эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.

 

5.2 дугаар зүйл.Хүнийг саатуулах

 

1.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна:

 

                        1.1.тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар;

 

1.2.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар;

 

1.3.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар;

 

1.4.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар.

 

            2.Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

 

3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

 

4.Энэ зүйлийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хүнийг саатуулсан бол прокурорт даруй мэдэгдэнэ.

 

5.Энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад үндэслэлээр хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор мэдэгдэнэ.

 

6.Энэ зүйлийн 1.4 дэх заалт, 2 дахь хэсэгт заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах арга хэмжээг энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу  эрүүгийн хэргийн шүүх барьцаагаар сольж болно. 

 

7.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад заасан саатуулах байрны дэглэм, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

5.3 дугаар зүйл.Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл  барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно.

 

2.Эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч, энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ.

 

3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны авсан эрх хязгаарлах арга хэмжээг хүчинтэйд тооцох эсэхийг даруй шийдвэрлэнэ.

           

  • 4 дүгээр зүйл.Баримт бичгийг хураан авах

 

1.Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө.

 

2.Холбогдогч хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

 

5.5 дугаар зүйл.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх

 

1.Прокурор зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.

 

2.Холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээний нийт хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна. 

 

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ.

 

4.Прокурор энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг цуцална.

 

5.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг барьцаагаар солиулах тухай холбогдогчийн гаргасан хүсэлтийг прокурор хангах үндэслэлтэй гэж үзвэл мөнгөн хэлбэрээр барьцаа авч, Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг түр хугацаагаар цуцалж болно.

 

6.Барьцааг холбогдогч өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргаж болно.

 

7.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бусдын өмнөөс барьцаа гаргахыг хориглоно.

 

8.Барьцааны хэмжээг холбогдогчийн хувийн байдал, холбогдсон зөрчил, түүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг харгалзан тогтооно.

 

9.Холбогдогч зөрчил шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээж, зөрчсөн тохиолдолд барьцааг улсын орлого болгоно.

 

10.Барьцааны мөнгийг төрийн сан дахь тусгай дансанд байршуулна.

 

11.Холбогдогчийн өмнөөс барьцаа гаргасан хүн, хуулийн этгээд барьцааны үүрэг биелэгдэхээс өмнө үүргээсээ татгалзаж, барьцааны мөнгийг буцаан авах эрхгүй.

 

12.Барьцааны мөнгийг хадгалах, буцаан олгох журмыг Улсын ерөнхий прокурор, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ

 

            6.1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа

                                         явуулах үндэслэл

 

1.Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:

 

1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;

 

                        1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

 

1.3.зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн;

1.4.байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.

 

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;

2.2.гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;

2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;

                        2.4.зөрчлийн хэрэг нээх.

 

            3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй  прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

 

6.2 дугаар зүйл.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл

                                              хүлээн авах журам

                                           

1.Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна.

 

2.Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна.

 

3.Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна.

 

4.Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно.

 

5.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн талаархи гомдлыг хүлээн авахдаа дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

                        5.1.гомдол гаргагчид эдлэх эрх, үүргийг танилцуулах;

                        5.2.гомдлыг амаар гаргаж байгаа бол энэ талаар тэмдэглэлд тусган гомдол гаргагчийг санал оруулах, гарын үсэг зурах боломжоор хангах;

 

                        5.3.харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гомдлыг хүлээн авсан бол тэмдэглэл үйлдэн,  эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх;

 

                        5.4.хүлээн авсан гомдолд тухайн гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягталж, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бүртгэх.

 

6.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч,  мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

 

7.Зөрчлийн талаархи мэдээллийг төлбөртэй авч болно. Мэдээллийг төлбөртэй авах журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

6.3 дугаар зүйл.Зөрчлөө илчлэн мэдээлэх

 

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно.

 

2.Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг танилцуулна.

 

6.4 дүгээр зүйл.Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг

                                    харьяаллын дагуу шилжүүлэх

 

1.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.

 

2.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.

 

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шилжүүлэхдээ шаардлагатай бол зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.

 

4.Илэрсэн зөрчил нь зөрчлийн хэрэг бүртгэх хэд хэдэн байгууллагад харьяалагдахаар бол прокурорт танилцуулж, өөрийн харьяалах зөрчлөөс бусад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар  даруй шилжүүлнэ.

 

6.5 дугаар зүйл.Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг

                                         хүлээн авахаас татгалзах

 

1.Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ.

 

2.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл гаргасан хүн, хуулийн этгээд, албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.

 

            6.6 дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх

                                      

1.Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:

 

            1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

 

            1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

 

                        1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.

 

2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна.

 

3.Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

 

4.Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

 

5.Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

 

6.7 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг нээх

 

1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ.

 

2.Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.

 

6.8 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа

 

1.Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.

 

2.Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.

 

3.Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно.

 

6.9 дүгээр зүйл.Зөрчлийн хэргийг танилцуулах

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.

 

2.Арван найман насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчийг оролцуулна.

 

3.Арван найман насанд хүрээгүй оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй.

 

4.Энэ зүйлд заасан журам нь энэ хуулийн 6.6 дугаар зүйлд хамаарахгүй. 

 

6.10 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах

 

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг  дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

            1.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

1.2.шийтгэл оногдуулах;

1.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх.

 

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

 

3.Энэ зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу арван найман насанд хүрээгүй холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөхдөө түүний хувийн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан журмаар тогтоосон байна.

 

6.11 дүгээр зүйл.Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох

 

1.Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:

 

            1.1.энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд  заасан;

            1.2.Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан;

            1.3.зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй;

            1.4.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан.

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогчид ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

 

3.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.

 

4.Прокурор дараахь үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаана:

 

            4.1.гэмт хэргийн шинжтэй бол;

            4.2.илтэд зөрчил үйлдсэн.

 

5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй эрх бүхий байгууллагад хэргийг шилжүүлнэ.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ

 

7.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах

 

1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:

 

1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;

 

1.2.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх;

 

1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;

 

1.4.торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх; 

 

1.5.Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;

 

1.6.Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх хасах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх.

 

2.Зөрчлийн тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчлийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хүнийг олж тогтоосон бол Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлнө.

 

3.Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг тухайн зөрчлийн шинж болон тухайн хүний хувийн байдлыг харгалзан тогтооно.

 

4.Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална.

 

7.2 дугаар зүйл.Шийтгэл оногдуулах шийдвэр

 

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.

 

2.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана. 

 

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан  бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна.

 

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан даалгаврыг шийтгэлийн хуудсанд тусгана.

 

5.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хуудсанд хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг заана.

 

6.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

 

7.Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална.

 

8.Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

 

     7.3 дугаар зүйл.Албадлагын арга хэмжээ авах

 

     1.Эрх бүхий албан тушаатан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно.

 

     2.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна.

 

    3.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаснаас хойш 24 цагийн дотор харьяалах шүүхэд гаргана.

 

     4.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх хүртэл зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2, 24.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хураан авах, эсхүл битүүмжлэх арга хэмжээг авна.

 

     5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

    6.Шийтгэл оногдуулсан шийдвэрт холбогдогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэл түүнд албадлагын арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг шийдвэрлэхийг шүүх түдгэлзүүлнэ.

 

7.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.

 

   7.4 дүгээр зүйл.Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах

                                                  

            1.Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно.

 

            2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд, зөрчил үйлдсэн хүн арван найман насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчид хугацаа тогтоон даалгаж болно.

 

            3.Хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол үйл ажиллагааг зогсоож, энэ талаар нийтэд мэдээлнэ.

 

 4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний зардлыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хариуцна.

 

5.Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.

 

6.Шүүх энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

            7.5 дугаар  зүйл.Шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх

 

     1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна.

 

     2.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ.

 

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлд заасан торгуулийг бэлэн, эсхүл бэлэн бус хэлбэрээр төлнө.

 

     4.Эрх бүхий албан тушаалтан эрх хасах шийтгэл оногдуулсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хувийг даруй хүргүүлнэ. 

 

            5.Эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээ авахаар шийдвэр гаргасан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан авах, эсхүл битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг  хязгаарлах арга хэмжээг даруй авна. 

 

     6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг эрх бүхий байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан журмаар, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авсан байгууллага хэрэгжүүлнэ.

 

            7.Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            8.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана.

 

9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.

 

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй.

 

11.Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмыг Засгийн газар батална.

 

7.6 дугаар зүйл.Шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргах

                                          

1.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана.

 

2.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд[3] заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. 

 

 НАЙМДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ЗӨРЧИЛ

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

 

            8.1 дүгээр зүйл.Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

 

1.Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

    2.Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.

 

            3.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг  хүлээн авсан бол  зөрчлийн хэргийг ажлын 2 өдрийн дотор эрх бүхий байгууллагаас гаргуулан авна.

 

            4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

 

            5.Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан, прокурор оролцоно.

 

            6.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож болно.

 

7.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

8.Зөрчлийн хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ажлын 2 өдрөөр нэг удаа сунгаж болно.

 

9.Оролцогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

10.Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана.

 

11.Оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаархи нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна.

 

12.Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана.

 

13.Шүүгч эрх бүхий албан тушаалтан, прокурор, оролцогчийн хүсэлтийн дагуу гэрчээс мэдүүлэг авч, бусад нотлох баримтыг шинжлэн судалж болно.

 

14.Шүүх энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлнэ.

 

            8.2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр

 

1.Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан  шийдвэрлэж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

            1.1.шийтгэлийг хэвээр үлдээх;

            1.2.шийтгэлийг өөрчлөх;

            1.3.шийтгэлээс чөлөөлөх;

            1.4.шийтгэлийг хүчингүй болгох.

                       

            2.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.

 

3.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө.

 

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг прокурор, эрх бүхий албан тушаалтанд даруй хүргүүлнэ.

 

5.Шүүхээс гарах шийдвэр нь шийтгэвэр хэлбэртэй байна.  

 

6.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно.

 

7.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмыг баримтална.

 

8.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАРИМ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

           

            9.1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа

 

1.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.6, 8.7 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна.

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуулийн Дөрөв дүгээр бүлэгт зааснаас гадна дараахь ажиллагааг явуулж болно:

 

            2.1.хэргийн газрын үзлэг хийх;

            2.2.таньж олуулах;

2.3.туршилт хийх;

2.4.нүүрэлдүүлж мэдүүлэг авах;

2.5.ердийн ажиглалт явуулах;

2.6.мэдүүлгийг газар дээр нь шалгах.

 

            3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3, 23.5, 25.4, 25.6, 25.7, 26.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.

 

            4.Холбогдогч оргон зайлах, эсхүл дахин зөрчил үйлдэж болзошгүй тохиолдолд  прокурорт мэдэгдэж 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулж болно. Шаардлагатай бол энэ хугацааг харьяалах шүүхийн зөвшөөрлөөр 48 хүртэл цагаар нэг удаа сунгаж болно.

 

5.Энэ бүлэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд явуулна.

 

6.Энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч зөрчил гаргасан этгээд тогтоогдоогүй бол прокурор хугацааг 30 хоногоор гурван удаа сунгаж болно.

 

7.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгаж дараахь шийдвэрийг гаргана:

 

            7.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

7.2.шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлэх.

 

            8.Холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол хэргийг ажлын 2 өдрийн дотор шүүхэд шилжүүлнэ.

 

9.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч энэ зүйлийн 7.1 дэх заалтад заасан шийдвэрийг гаргасан бол хэргийг прокурорт даруй хүргүүлнэ.

 

10.Прокурор энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор хянаж дараахь шийдвэр гаргана:

 

10.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээх;

10.2.шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах, шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.

 

11.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах тухай прокурорын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн нэгжийн дээд шатны прокурорт тайлбараа даруй хүргүүлнэ.

 

12.Энэ зүйлийн 11 дэх хэсэгт заасан цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн тайлбарыг дээд шатны прокурор ажлын 3 өдрийн дотор хянаж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрт гомдол гаргахгүй. 

 

13.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн хэргийг шүүхэд даруй хүргүүлж шийдвэрлүүлнэ.

 

            9.2 дугаар зүйл.Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

 

1.Шүүгч дараахь үндэслэлээр зөрчлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:

 

1.1.энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал;

 

1.2.энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад Эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал;

 

1.3.энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 10.2 дахь заалтад заасны дагуу прокурорын гаргасан дүгнэлт. 

 

2.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ.

 

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийг оролцуулж болно.

 

4.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчил хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

 

5.Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно.

 

6.Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

    6.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

    6.2.шийтгэл оногдуулах;

    6.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх.

 

7.Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмаар шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авсан даруй шийдвэрлэнэ.

 

8.Шүүгч дараахь үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд  оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно:

 

8.1.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь хор хөнөөл учирсан, эсхүл гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан;

 

            8.2.гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол.

 

9.Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.

 

10.Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө.

 

11.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан шүүхийн шийтгэврийг прокурорт даруй хүргүүлнэ.

 

12.Шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан  үндэслэл, журмын дагуу оролцогч гомдол гаргаж,  прокурор эсэргүүцэл бичнэ. 

 

13.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.

 

           9.3 дугаар зүйл.Шүүгчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх

 

1.Шүүгчийн  торгох шийтгэл оногдуулсан  шийдвэрийг  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй.

 

2.Энэ хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн хянан шийдвэрлэсэн, мөн баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ. 

 

3.Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнд  оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий байгууллага хариуцна.

 

4.Шүүгчийн оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солиулах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан  шүүхэд даруй гаргана.

 

            5.Шүүгч энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.

 

АРАВДУГААР БҮЛЭГ

    ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

 

            10.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            1.Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                            Ц.НЯМДОРЖ

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Шүүхийн шинжилгээний тухай хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 2 дугаарт            

  нийтлэгдсэн.

[3] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 9 дугаарт нийтлэгдсэн.