Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2017/02/02 16:39 306

 

2017 оны 02 сарын 02 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

  МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

           

            2 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн

                                        тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн

                                            төлүүлэх хууль тогтоомж

 

            2.1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Хөдөлмөрийн тухай хууль[2], Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль[3], Нийгмийн даатгалын тухай хууль[4], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль[5], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

            3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        3.1.1.“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;

 

3.1.2.“хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.8-д заасан иргэнийг;

 

3.1.3.“тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж  байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг.

           

            4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд       

           

            4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан  15-60 насны иргэн хамаарна.                

 

            4.2.Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.

           

            4.3.Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй.         

 

            5 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг                                                                             нөхөн төлүүлэх хувь, хэмжээ

 

            5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн  Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

           

6 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн                                                даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

 

6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.

           

            6.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нөхөн төлсөн шимтгэлийг  нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.

           

            6.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг Засгийн газар батална. 

           

            7 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг

 

7.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        7.1.1.иргэний үнэмлэхний хуулбар;

                        7.1.2.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

           

                        7.1.3.иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;

 

7.1.4.иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.

 

7.2.Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

           

            8 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

      

            8.1.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД

 

[1]  Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.    

[2]  Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[3]  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 43 дугаарт

   нийтлэгдсэн.

[4]  Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

[5]  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн    

   1994 оны 8 дугаарт  нийтлэгдсэн.