Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

2016/12/01 15:57 278

 

2016 оны 12 сарын 01 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг нь төрийн нууцын “Маш нууц” зэрэглэлд хамаарах бөгөөд байнга нууцална.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газар нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, журам, жагсаалтыг боловсруулж, батлах, хууль тогтоомжийг сурталчлах, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна.

 

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын дарга нар салбар, байгууллагын хэмжээнд нууцлах албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг 2017 оны  09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор батална.

 

4 дүгээр зүйл.Тагнуулын байгууллага төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлнэ.

 

5 дугаар зүйл.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн дагуу ил болгох баримт бичиг, бусад зүйлийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн төрийн байгууллага, бусад хуулийн этгээд шийдвэрлэнэ.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

               ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД