УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2018/10/18 17:07 906

Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал "Эрдэнэт" үйлдвэрийн 40 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойд-

Монгол Улсын хөгжил дэвшил, дэлхийд дээгүүрт тооцогдох уул уурхайн хүчирхэг үйлдвэрийг бүтээн босгохын төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн геологич, уурхайчид, инженер техникийн ажилтнууд, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон Та бүхэнд түүхт 40 жилийн ойн баярыг тань тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэртээ 40 жилийн өмнө анхны баяжмалаа гарган авч, бүтээн байгуулалтын талбарт анд нөхөр, ах дүү болон нөхөрлөж, шинэ түүхийн шан таталцаж байсан Монгол, Оросын ажилтан, ажилчид, уурхайчид маань өнөөдөр амьдрал, хувь заяагаа холбосон төрөлх үйлдвэрийнхээ идэр насны баярыг тэмдэглэж байна.

Өргөн түмэн, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ харамгүй зориулсан эвийн гагнаатай хамт олон Та бүхний хөдөлмөрийн үр шим Монгол орны сүүлийн 40 жилийн хөгжил дэвшлийн нэгэн бат тулгуур болсоор ирсэн бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр ямагт ачааны хүндийг үүрсээр өнөөг хүргэснийг бахархан тэмдэглэе.

Их түүхийг эхлүүлсэн, ирээдүйг зорьсон том шийдвэрийг гаргасан тухайн үеийн БНМАУ, ЗХУ-ын төр засаг, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон үйлдвэрийг сүндэрлүүлж, хоёр ард түмний уламжлалт сайхан нөхөрлөлийг сэтгэл зүрхнийхээ галаар бат гагнасан Оросын мэргэжилтнүүдэд монгол түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

“Эрдэнэт” үйлдвэр 40 жилийн турш сар бүр, жил тутам төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ирсэн бахархам амжилттай, бүрэн хариуцлагатай хамт олон билээ. Баярын энэ өдрүүдэд Та бүхэн үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн ханган биелүүлж байгаа тухай, “Эрдэнэт” үйлдвэр цаашид 60 гаруй жил тогтвортой ажиллах нөөцөө тогтоож, баталгаажуулсан талаарх сайхан мэдээ монгол хүн бүрийн сонорыг мялааж, итгэлийг бадрааж байна.

“Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” хэмээн 40 жилийн тэртээ дуулж байсан монголчууд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа 40 жилийн дараа ч өөдрөг байгаад баяртай байна. Үндэсний хамгийн том үйлдвэрийнхээ ирээдүй, тогтвортой хөгжлийн төлөө Монголын төр, засаг, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарч, дэмжсээр байх болно.

“Эрдэнэт”-ийн өчигдрийн түүхийг эхлүүлж, эх орныхоо өнөөдрийг бүтээлцсэн, ирээдүйн хөгжил дэвшлийг дархлалцах Эрхэм уурхайчид, баялаг бүтээгч та бүхэндээ эрүүл бие, саруул ухааныг ерөөе.

       Аранжин зэсийн эрдэнэсийн уурхайд амжилт ялалт дуурсаж, алдар гавьяа түгэн дэлгэрч байх болтугай. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

 

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот