ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 30 жилийн ойн баярын мэндчилгээ

2018/10/06 14:54 299

УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уншиж танилцууллаа. 

МЭНДЧИЛГЭЭ

                 Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

            Эх, эмэгтэйчүүд, ураг, нярайд эрүүл мэндийн гурав дахь шатлалын тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Танд болон Таны гэр бүл, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Аливаа улс орны хүн амын эрүүл мэндийн байдлыг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг. Мянганы хөгжлийн үндэсний зорилтыг 2015 онд дүгнэхэд Монгол Улс эхийн эндэгдлийн харьцааг 75 хувиар бууруулах зорилтоо бүрэн биелүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас "Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратегийг дэмжих”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах”, “Эхийн эндэгдлийг бууруулах”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах” зэрэг бодлого, хөтөлбөрийг үндэсний хэмжээнд баталж, хэрэгжилтийг сайн зохион байгуулсантай салшгүй холбоотой.

Цаашид энэ амжилтыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" хөтөлбөрт заасан эх, үрсийн эндэгдлийг 2 дахин бууруулах зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг шат дараатай тогтвортой бууруулах нь зүйтэй юм.

УИХ-ын зүгээс энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, тогтоомжийг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих, холбогдох хөрөнгийг улсын төсөвт тусгахад анхааран ажиллаж байна. Ирэх 2019 оны хувьд л гэхэд анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад улсын төсвөөс олгох санхүүжилтийг 5.3 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлыг 10.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, эхний ээлжинд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг оруулаад 9 эмнэлгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, хагас бие даасан засаглалтай болгох, Австри, Азийн хөгжлийн банк зэрэг хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр техник, технологийн чадавхийг сайжруулах зэрэг олон арга хэмжээг Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгасан байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хамт олон улсын хэмжээнд эх, нярайд эрүүл мэндийн тусламж үзүүлэх 3 дах шатлалын, тэргүүлэх байгууллагынхаа хүлээх хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлсээр 30 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж, талархал илэрхийлж байна.

Монгол Улсынхаа эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд эх орныхоо өнцөг булан бүрт цаг наргүй зүтгэж буй үе үеийн эмч, мэргэжилтэн та нартаа баярын мэндийг дахин дэвшүүлж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот