Монгол Улсын хэмжээнд 7200 лиценз байсныг хоёр дахин бууруулж, 3600 болгож байсан.

2018/06/29 15:49 989

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Эрдэнэс Монгол компанийг 2007 онд би байгуулж байсан. Тухайн үед хоёр гол зорилгыг өмнөө тавьж байсан юм. Нэгдүгээрт, уул уурхайн лицензийг өргөдөл өгсөн аж ахуйн нэгж болгон авч болдог байсныг болиулсан. Улс орны стратегийн ач холбогдолтой лицензүүдийг төрийн мэдлийн компанид хадгалж байх зорилготой байсан. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчтай төрийн нэрийн өмнөөс гэрээ хийх зорилготойгоор энэ аж ахуйн нэгжийг байгуулж, Д.Зоригийг анхны захирлаар нь томилон ажлуулсан. Тэр үед тодорхой хувийг нь арилжаална гэсэн ойлголт байгаагүй. Би 49 аж ахуйн нэгжийг стратегийн орд газар болгоё гэж УИХ-д оруулж байсан. УИХ 15 орд газрыг зөвшөөрч, бусад ордуудаас арай өөр нөхцлөөр ашиглах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын хэмжээнд 7200 лиценз байсныг хоёр дахин бууруулж, 3600 болгож байсан. Ингэснээр уул уурхайн лицензийн замбараагүй байдал, дур зоргоороо гэрээ хийх байдал зогссон. Энэ үйлдвэрийг байгуулж байсны хувьд цаашид яах тал дээр би үгээ хэлэх эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Таван толгойн орд газрыг ашиглах тухай асуудлыг хэлэлцэхэд Эрдэнэс Монголын тухай нэг ч үг байгаагүй гэдгийг Үндэсний аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд хэлье” гэлээ.