Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах агуулга бүхий УИХ-ын тогтоолыг хэлэлцэв

2018/05/24 20:00 623

 Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.

    Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ.” гэж, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “...хүмүүжлийн арга хэрэгсэл болгох...” зэрэг зорилгоор ашиглахыг таслан зогсоохоор тус тус заасан. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна. Түүнчлэн албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгалаа. Албадан эмчлэх эмнэлгийг төрөлжсөн тусгай мэргэшлийн эмнэлэг байх, албадан эмчилгээнд явуулах тухай эмнэлгийн дүгнэлт гаргахад тухайн хүн албадан эмчилгээ хийлгэхэд хориглох заалтад хамаарах биеийн хүнд эмгэгтэй эсэхийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ хийж тогтоосон байхыг шаардаж, хүнд өвчин эмгэгтэй тохиолдолд тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулж болох эсэхийг тогтоох зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан бөгөөд байнгын хорооны гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн гэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төв аймгийн Баян суманд байрлах албадан эмчилгээ хийдэг эмнэлгийн байгууллагын нөхцөл, эмчилгээний стандарт болон хангамжийн талаар тодруулсан. Тус эмнэлэг одоо 100 ортойгоор албадан эмчилгээ явуулдаг бөгөөд жилд 500-700 өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн хангамж хэвийн, эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу явагдаж байгааг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав мансуурах, согтуурах эмгэг нь сэтгэцийн өвчний төрөл учраас Эрүүл мэндийн яам үүнд анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд “Олон нийтийг соён гэгээрүүлэх ажил тун чухал, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. Согтууруулах ундааны сурталчилгаа телевиз, олон нийтийн сүлжээгээр хэт их байгаад холбогдох талууд анхаарч, хуулийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Жилийн өмнө сургууль нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тарах эрсдэлтэй орчин болоод байгаа талаар яригдаж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамд хамтраад урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бий юү” хэмээн асуусан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мансууруулах бодисын хэрэглээ, тархацын асуудал санаа зовоохоор байгааг хэлээд цагдаагийн байгууллагууд харьяа нутаг дэвсгэр, нэгждээ энэ төрлийн гэмт үйлдлийн талаарх судалгаа, тандалт явуулж байгааг дуулгав. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд Боловсролын яамтай хамтран ажиллахаар ярилцсан гэлээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нь маш нууц байдаг учраас цагдаа, хууль хяналтынхан байтугай өдөр тутам хамт байгаа эцэг, эхчүүд өөрсдөө илрүүлэхэд амаргүй байдаг. Өсвөр насны хүүхдүүдийг сэрэмжлүүлэх, хамгаалах нь зөвхөн хууль хяналтын байгууллагын ажил биш багш, эцэг, эх ч хариуцлагатай байх шаардлагатай гэдгийг хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд архи, согтууруулах ундаа худалдаалах цэг, үйлчилгээний газруудын тоог хянах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг ажиллуулахгүй байх, согтуурах, мансуурах эмгэгээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллагуудыг оролцуулах талаар төсөлд тусгах зэрэг асуудлыг хөндөж байр сууриа илэрхийллээ. 


    Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80.3 хувь нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Төрийн өмчид байгаа илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх, эд хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх шаардлагад үндэслэн боловсруулсан байна. Уг төсөл батлагдвал Дархан-Уул, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийн цэцэрлэгт хамруулах боломж бүрдэх ба Ховд, Дархан-Уул аймагт Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах ач холбогдолтой аж. Мөн Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн байгаль, орчин аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян Өлгий, Дундговь аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашилалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой болохыг танилцуулгад дурдав. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулахдаа төслийн үзэл баримтлалтыг байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн гэв. 


    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулан ажлын хэсгээс хариулт авсан. Энэ үеэрээ төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулдаг эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага үүсээд байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцон гишүүдийн олонх дээрх УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах агуулга бүхий УИХ-ын тогтоолыг хэлэлцэв

    Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуулийг баталсан. Ирэх сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.

    Уг төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Энхбаяр, М.Билэгт, Д.Дамба-Очир нар асуулт асууж, малын эрүүл мэндийг хамгаалах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн салбарт сайн засаглалыг бүрдүүлэхтэй холбоотой саналуудаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан суманд байх мал эмнэлгийн тасаг 7-8 мэргэжилтэн ажиллах шаардлагатай, боловсон хүчин хангалттай байвал малыг эрүүлжүүлэх зорилт үр дүнд хүрнэ гэдэг саналыг хэлж байв. Монгол Улс олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн үндэсний тогтолцоотой байхгүй бол зах зээлд энэ чиглэлээр оролцох боломжгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бүгдээрээ харсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлээд, энэ тогтолцоог бүрдүүлэх нь монголчуудын хувьд шинэ зүйл биш. Өмнө нь сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлгүүд гээд иж бүрэн байсан тогтолцоогоо сэргээх гэж байгаа. Тиймээс эрс шийдэмгий арга хэмжээ авч, Засгийн газар хөрөнгө, хүч хаяж ажиллах нь зүйтэй гэв. Мөн хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдалд бүхэлд нь дүн шинжилгээ хийж, нэгтгэн зангидах шаардлага бий учраас УИХ, Засгийн газар хамтрана ажиллах шаардлагатайг хэлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ дахь АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа. 


    Хууль санаачлагч 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан ардчиллын анхдагчдын түүхэн гавьяаг төрөөс үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэж үзэн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр “анхдагчид” гэдгийг хэрхэн тогтоох, хэр хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлэх, одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжоор төрөөс олгож буй тусламж, дэмжлэгтэй давхцаж буй эсэхийг асууж тодруулсан байна. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжжээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн, хэт ялгамжтай байдал гаргахгүйгээр шийдвэрлэх нь чухал гэдгийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Жавхлан, С.Эрдэнэ нар төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэн нэг хоногийн завсарлага авч буйг хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд танилцуулав. 

Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов

    Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Төрийн аудитын байгууллага тайлант онд санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167, нийтдээ 3556 аудит хийсэн болохыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд мэдээлэв. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдсөн байна. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдсөн байна.

    Төрийн аудитын байгууллагын ажилтнууд 22.4 тэрбум төгрөгийн акт тогтоож,тухайн онд 11.0 тэрбум төгрөгийн актыг барагдуулжээ. Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгаж 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Тайлант онд 7694 зөвлөмж өгсний 31.1 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилт, 29.4 хувийг бүртгэл, тайлагнал, 15.8 хувийг арвилан хэмнэх, үр ашиг, үр нөлөөг сайжруулах, 15.1 хувийг дотоод хяналтыг сайжруулахтай тус тус холбоотой, 8.6 хувийг бусад асуудлаар өгсөн зөвлөмж эзэлж байгаа ба нийт өгсөн зөвлөмжийн 77.5 хувийг хэрэгжүүлжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Тайлант хугацаанд гүйцэтгэсэн аудитаар 1,831.6 тэрбум төгрөгийн үр өгөөжийг харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Мөн зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтны асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

    Түүнчлэн Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэлийн хүрээнд хийгдэх ажлын хамгийн чухал хэсэг болох “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг“Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн анхны төслийг боловсруулан гаргаж хуулийн шинэчилсэн төслийг ҮАГ-ын цахим самбарт байршуулан санал авч байна. 


 

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нар асуулт асууж, хариулт авсан. Төрийн аудитын тайлан мэдээллийг сонссонтой холбогдуулан УИХ тодорхой шийдвэр гарган, ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Сүүлийн жилүүдэд Төрийн аудитын ажил нэлээд үр дүнтэй, урьд өмнө хийж байгаагүй томоохон шалтгалтуудыг явуулсан дэвшилттэй байгааг мөн тэмдэглэн хэлж байсан юм. Тайланд дурьдагдсан эрх зүйн шинэчлэл, бодлогын шинэчлэл хийхэд УИХ, Төсвийн байнгын хороо дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, Байнгын хороо энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн. Ийнхүү УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө