УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэ парламентын сонгогчдоос авсан даалгавар бол Үндсэн хуулийн өөрчлөлт

2019/06/14 14:45 70

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2019.06.13/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа парламент дотроо эвлэж, ойлголцсон түвшинд хэлэлцээд явах болов уу. Жишээлбэл, Дэгийн тухай хуультай холбоотой асуудалд зарим гишүүд санал гаргаж байна. Энэ асуудлыг бас нэг талдаа гарах, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэж зарим гишүүд хэлж байгаа нь үнэний ортой. Парламентын түвшинд нэгдмэл байр суурьтай байх нь цаашид гарах сөрөг зүйлсийг арилгах юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа бөгөөд бид өнөөдөр асуудлыг хэлэлцэж байгаа нь үр дүнд хүрч байгаагийн илрэл юм. 2016 онд байгуулагдсан энэ парламентад олгогдсон даалгавар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Бид амласан, амлалтаа биелүүлэх, даалгавараа биелүүлэх ёстой, биелүүлэхийн тулд парламент дотроо нэгдмэл байх ёстой юм. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, дэд хэсэг, санаачилсан УИХ-ын гишүүд, өмнөх парламентад байсан гишүүдэд талархал илэрхийлэх ёстой. Ялангуяа 2012-2016 оны хооронд ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг маш сайн ажилласан" гэлээ.