Төв аймгийн ЕБС-иудад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

2019/05/29 15:00 411

УИХ-ын гишүүн М.Энхболд Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд дарга Ван Яжүн болон БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд энэ уулзалт нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож буй энэ үед болж байгааг онцлоод цаашид нийгэм, эдийн засгийн бүх салбарт хамтын ажиллагаагаа сайжруулах, парламент хоорондын түншлэлийг өргөжүүлэх ажлуудад анхаарч ажиллахаа илэрхийллээ.  Мөн 2016 онд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд ХКН-ын Гадаад харилцааны газартай харилцан тохиролцсон ажлууд болон МАН-ын боловсон хүчнийг сургах хамруулах чиглэлээр төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

ХКН-ын Гадаад харилцааны дэд дарга Ван Яжүн хоер улсын хооронд харилцан тохиролцсон ажлуудыг эрчимжүүлэх, илүү сайжруулах үүднээс энэ удаагийн айлчлалыг хийж байгаагаа онцлоод "цаашид хэрэгжих ажлуудад илүү анхаарч ажиллах болно" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд уулзалтанд оролцож буй БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн удирдлагуудад хандан Төв аймгийн бүх сумдын ЕБС-ийн сурагчдад чанартай, илчлэг сайтай “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Энхтайван найрамдлын сангийн удирдлагууд УИХ-ын гишүүний хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд анхаарлаа хандуулж, хамтран ажиллах нөхцөл боломжуудыг судлахаа илэрхийллээ.