МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН VII ХУРАЛДААНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ.

2016/12/12 11:15 8710

Намын Бага хурлын гишүүд ээ!

Эрхэм журмын нөхөд өө!

Намын Бага хурлын VI хуралдаанаас хойших хугацаанд манай орны болон Монгол Ардын Намын амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байлаа.
Энэ удаагийн Бага хурлын хуралдаан Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин болсон үед болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлог юм.



Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа.
Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 330 сумаас 232 суманд буюу 70.4 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 6-д нь буюу 66.6 хувьд нь тус тус ялалт байгууллаа.



Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Намаа гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа.


Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм.


Эрхэм нөхөд өө!


Бид иргэд, сонгогчдын олгосон эрхийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн болон төрийн зарим албан тушаалд шилдэг боловсон хүчнүүдээ томиллоо.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдан, Засаг дарга нар ажилдаа ороод байна.


Сонгууль болсноос хойш үндсэндээ хагас жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид юуг амжуулж, ямар асуудал, арга хэмжээнд анхаарал хандуулав, нөхцөл байдал чухам ямаршуу байгаа вэ гэдэг талаар товч толилуулах нь зүйтэй гэж үзэж байна.


Дөрвөн жилийн өмнөх Монгол, дөрвөн жилийн дараах өнөөдөр хоёрын хооронд тэнгэр газар шиг, тэмээ ямаа мэт ялгаа гарч, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бараг бүхлээрээ огцом уналтыг зааж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.


Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэ хүнд байдлаас гарахад чиглэсэн бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдийг нэн даруй боловсруулах, хэлэлцэн батлахад онцгой анхаарлаа.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төсөв, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон зайлшгүй шаардлагатай зарим хууль, тогтоомжийг батлах, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ аль болох богино хугацаанд шийдвэрлэн, Засгийн газарт хийж хэрэгжүүлэх ажлыг нь шуурхайлуулах зорилго тавьж ажилласан.
Засгийн газрын ойрын үеийн зорилт бол эдийн засгийн хүндрэлийг аль болох охорхон хугацаанд давж гарч, ард иргэдээ ажилтай орлоготой, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал юм.



Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18.0 хувьд хүрч, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна.



Өнгөрсөн 4 жилд төсвийн бодлогод өөрчлөлт оруулаагүй, банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эхлүүлээгүй хугацаа алдсан нь гадаад, дотоод санхүүжилтийн хэрэгцээ, зээллэгийг улам нэмэгдүүлэх, гадаад өрийн хэмжээ өсөх, төсвийн тогтвортой байдал алдагдах, гадаад валютын албан нөөц хомсдох, зээлийн чанар муудах зэрэг эрсдэлийг бий болгосон юм.


Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бодлогын өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, эдийн засгийг тогтворжуулах шаардлагын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоол гарсан. 
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэх юм.



Дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болохоор байна.


Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох,
гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрч өсөх зэрэг эерэг үр дүн энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гарах юм.


Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бодит ажлын байр, бодит орлого бий болгох явдлыг чухалчлан үзсэн.


Улс орны эдийн засгийн ачааны гол хүндийг нуруундаа үүрч яваа цөөн тооны аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдээ тэтгэн дэмжих чиглэлд Засгийн газар хэд хэдэн тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.


Энэ хүрээнд 122 мянган ахмадад жилд 100-500 хүртэл мянган төгрөг олгох, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар, төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.


“Боловсролын зээлийн сан” байгуулж, “Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан, 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч эхэлсэн зэргийг мөн дурдаж болно.



“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний зэрэгцээ элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэр гаргаж, элэгний С вирусийн эмчилгээний “Харвони” эмийн үнийг бууруулан,
гемодиализын аппаратаар цус цэвэршүүлэх эмчилгээний төлбөрийг төрөөс 100 хувь хариуцахаар болсон зэрэг иргэд рүүгээ хандсан, эерэг үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлжээ.


Энэ бүхэн бол Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил, арга хэмжээний нэгэн хэсэг.
Монгол Улсын Засгийн газар бидний ард түмэндээ амласан, иргэд сонгогчдын сэтгэлд нийцэж, сонголт хийхэд нь чухал нөлөө үзүүлсэн Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний алхмуудыг хийж эхэлсэний бодитой жишээ юмаа.


Эрхэм нөхөд өө!


Одоо ирээдүй рүү, бодлого, зорилго, хийх ёстой ажил, зайлшгүй анхаарч санавал зохих хүчин зүйлүүд буюу улс орны болон намын амьдралд тулгамдаж байгаа асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулъя.


Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байна, нуух хэрэггүй.


Энэ тухай бид үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Хэлж ч байгаа. Байн байн, хэтэрхий ил шууд хэлж байна гэж Ардчилсан Намынхан дургүйцэж байгаа.


Ер нь Ардчилсан нам хийсэн үйлдэл, үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж чадахгүй гэдэг нь саяхан болсон их хурлаас нь тодорхой харагдаж байна. Одоо тэдэнтэй маргаж, мэтгэлцэхээ больё.


Зөвхөн урагшаа харъя.


Унаж өеөдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь иргэд олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно.


Гэхдээ ялагдаж болохгүй тулаан. Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно.
Тулаанд бид дан морьтой, нимгэн дээлтэй, ганцаараа ороод ялалт байгуулж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Юуны өмнө ард түмэндээ бодит байдлыг зөв ойлгуулж, тэднийхээ дэмжлэгийг авах ёстой.


Хүндрэл бэрхшээл нүүрлэсэн энэ цаг үед монголчууд бид эвээ нэгтгэж, хүчээ зангидах нь нэн чухал байна.
Нөгөө талаар хөрш орнууд болон манайхтай харилцаа, хамтын ажиллагаатай дэлхийн улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг туслалцаан шаардлагатай болж байна. Бидэнд тэдэнтэй хамтран ажиллаж, сайн үр дүнд хүрч байсан туршлага, уламжлал бий билээ.



Хөрөнгө мөнгө хомсодсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа нь үнэн ч боломж, нөөцөө дээд зэргээр шавхан дайчлах ёстой. “Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь үргэлж нээлттэй байдаг” гэсэн мэргэн үг байдгийг санацгаая.


Томоохон төсөл, хөтөлбөрүүд гацсаар удлаа. Хэзээ, хэрхэн эргэлт хөдөлгөөнд орох бол гэсэн ард түмний хүлээлтэд энэ Засгийн газар л хариу өгөх учиртай. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т зорилго чиглэлээ багтааснаар нэг хэсэг амар тайван сууна гэж бодохын хэрэггүй.
Одоо хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэх ажлыг шат дараатай, алхам алхмаар, гэхдээ хурдацтай хийж эхлэх ёстой. Бидэнд нэг цаг, нэг өдөр бүр үнэ цэнэтэй байгааг санагтун.


Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих цаг болсон гэдгийг зориуд цохон тэмдэглэе.


Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард олноо, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлэгч нь Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг байх ёстой.
Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн 9 сард орон тоогоо 10 хувиар хэмнэж, зардлаа багасгасан жишгийг төр, засгийн бүх байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Орон тоо, зардлаа хэмнэх ажлыг дороос биш дээрээс эхлэх учиртай.


Өөрөөр хэлбэл төрийн жирийн албан хаагчийн цалин, орон тоог хасах биш, удирдлагын зардлаа эхлээд бууруул, дарга нарынхаа тоог цөөл, урсгал зардлаа боломжит төвшинд хүртэл хяна, багасга.
Улс төрийн сонгуулийн үр дүнгээр хийж байгаа албан тушаалын томилгоог дуусгаж, төр, засгийн байгууллагууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулах ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.


Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аасаа эхлээд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж буй Засгийн газраа хүртэл, сум багаас эхлээд аймаг, нийслэлээ хүртэл бүх шатны төрийн байгууллагууд олуулаа болсныхоо хэргийг гаргамаар байна.
Энэ бол олонхиороо хүч түрэх, цөөнхийн буюу бусдын үг шүүмжлэлээс ангид байх, эрх мэдэл хэрэгжүүлж байна хэмээн хяналтгүй дураар авирлах тухай асуудал биш, алдагдсан боломжийг эргүүлж авчир, буруу зөрүү, булхайтай бүхнийг зас, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээ, сахилга хариуцлагыг бүх төвшинд сайтар сахь гэсэн сонгогчдын захиа даалгавар, итгэл найдварыг биелүүлэх асуудал юм.


“Олдохоороо өлдөнө” гэж нэг үг бий. Ийм зам руу бид халтирч болохгүй. Бидний сонгуулиар олж авсан үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг хариуцлага гэдгийг санагтун.
Тиймээс энэ хуралдаанаар хууль тогтоох болон төлөөллийн байгууллагын, гүйцэтгэх засаглалын, улс төрийн намын болон нийгмийн хариуцлагын талаар нухацтай хэлэлцэхийг санал болгож байна.


Сүүлийн жилүүдэд ардчилал нэрийн дор дураараа аашлах, үүрэг хариуцлагатаа эзэн биш байх явдлыг өөгшүүлж, хариуцлага тооцох механизм эрс суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай нам энэ буруу зуршлаас ангид байх ёстой.
Хариуцлага бидэнд, Монгол Улсад ус, агаар мэт нэн чухал байна. Бид хариуцлагатай байж чадах эсэхээс, хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлэхээс улс орны хийгээд Монгол Ардын Намын ирээдүй шалтгаална. Ийм ч учраас хариуцлагын асуудлыг Бага хурлаараа зориуд онцлон хэлэлцэх гэж байгаа юм.


Нэг. Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хариуцлага
Юуны өмнө төлөөллийн байгууллага, түүний төлөөлөгчид, тэр дундаа эрх баригч олонхийн хариуцлагын тухай ярих ёстой гэж үзэж байна. Энд би парламентын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хариуцлагын талаар хөндөх гэсэн юм.


Аль ч улс төрийн хүчин олонхи болж чадаагүй парламентад бодлого тодорхойлж, хууль батлахын тулд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх гэсээр гацаанд ордог, улмаар улс орны хөгжлийг урагш нь биш хойш нь уллан чангаадаг гашуун сургамжийг Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа.


УИХ-ын 2-3 бүрэн эрхийн хугацаа дамнасан ч батлагдаагүй хуулийн төсөл, бодлогын шийдэл цөөнгүй хуримтлагдсан нь үүний жишээ.
Иймд Монгол Ардын Нам тулгамдсан болон ирээдүйд нэн чухал тэдгээр асуудлыг нухацтай авч үзэж, тооцоо судалгаа хийж, ард түмэн, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, гарцаагүй зөв шийдлийг олж гаргах энэхүү түүхэн боломжийг алдах эрхгүй.


Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна.

Цаашилбал тогтвортой хөгжлийн суурийг тавих, газрын баялаг буюу ашигт малтмалын үнийн савлагааг даган унаж босож байдаг ганц буюу цөөн тулгуурт эдийн засгийн бүтцийг өөрчлөх хөтөлбөр, зорилт ч бас багтана.


Манай намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд улс орны хөгжлийн асуудалд өөрийн мэргэшсэн чиглэлээр идэвхийлэн оролцож, хамтын оюун ухаанаар бодлогын шийдэл гаргахад хүчин чармайлт тавих хэрэгтэй бөгөөд зоргоороо ярьдаг, дуртайгаа хийдэг, хувь улстөрчийн ганцаарчилсан тоглолтод цаг заваа илүү зарцуулдаг байж таарахгүй.


Үүнийг л эрх баригч намын парламент дахь гишүүдийн хариуцлага гэж ойлгож байна. Тэдний төрийн бодлогыг зөв тодорхойлж, гаргасан бодлогоо ягштал хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд нь хяналт тавьж чадаж байвал парламент хариуцлагаа үүрч чадаж байна гэж бас дүгнэх учиртай. Энэ хоёр зарчмыг ягштал баримталж, хууль тогтоох байгууллагын чадавхийг бүрэн дүүрэн дайчлах нь бидний үүрэг мөн.


Дээр дурдсан бүхэн манай намаас нэр дэвшиж, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсон төлөөлөгчдөд нэгэн адил хамаарна.
Тодруулж хэлбэл, УИХ-аас тодорхойлсон төрийн нэгдмэл бодлогын хүрээнд орон нутгийн онцлог, иргэдийн өвөрмөц ашиг сонирхлыг тусгасан зөв шийдвэрийг цаг алдалгүй шуурхай гаргах, орон нутгийн хурлын байнгын шинжийг хадгалах, иргэддээ ямагт ойр байж, тэдний үгийг сонсож, аж амьдралыг нь мэдэрч, эрх хэмжээндээ хамаарах асуудлыг оновчтой, шинэлэг байдлаар дэвшүүлэн шийдвэрлэхэд онцлон анхаарах нь зүйтэй.


Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа жийрэг, хавсарга мэт байж таарахгүй. Ийм байхгүй гээд бас өрсөлдөн тэрсэлдэгч болох учиргүй.
Гүйцэтгэх засаглалынхаа зөв бодлого, шийдвэрийг дэмжиж, хяналт тавьж, хамтран зүтгэж байж төлөөллийн зохист үүргийг ханган, олон түмний итгэлийг хариулж чадна. Үүнийг би орон нутгийн төлөөллийн байгууллагын хариуцлага гэж ойлгож, ийм байхыг Та бүхнээс шаардах болно.


“Ардчилал бол хүмүүсийнх, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн” гэсэн Авраам Линкольний үг байдаг. Төлөөллийн ардчилал гэдгийн мөн чанар нь чухамхүү иргэдийнхээ төлөөх засаглал байхад л оршдог билээ.


Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага
Ардчилсан нийгэмд Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, нээлттэй байж, мэргэшсэн түвшинд хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг.
Манай нам мэргэжлийн Засгийн газар байгуулж, нийгэм эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах амлалтыг ард түмэндээ өгсөн.


Ард иргэд Засгийн газраас аливаа асуудалд мэргэжлийн түвшинд хандаж, шуурхай ажиллахыг хүсч, хүлээж байгаа.
Энэ хүсэлт, хүлээлтэд бид нийцэж чадаж байна уу гэдгээ сайтар тунгаан бодож, өөрөө өөртөө өдөр бүр шаардлага, хяналт тавих ёстой.


Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс төрийн дэмжлэг үзүүлэх нэн таатай боломж УИХ-д бүрдсэнийг алдаж болохгүй.
Засгийн газрын үйл ажиллагаа алхам бүрдээ хариуцлагатай байж, Монгол Ардын Намын сонгуулийн амлалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлээр санаачилгатай үр дүнтэй ажиллах цаг болсон.
Өмнөх Засгийн газраас илүү эрч хүчтэй, шинэлэг, зоримог, зөв бодлоготой ажиллаж байж иргэдийнхээ итгэлд эзэн болно.


Засгийн газрын байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажпын үр дүн нь ард иргэдийн амьжиргаа хэр дээшлэв, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэв гэдгээр юуны түрүүнд хэмжигдэнэ гэдгийг байнга санаж байх хэрэгтэй байна.


Засгийн газарт болон Засгийн газрын танхимын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үүрэг хариуцлагад нь байнгын хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримтлах нь Монгол Ардын Намын бодлого байх болно.


Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцсан салбар, нутаг дэвсгэртээ төрийн хууль, тогтоомж, төр засгийн болон намын бодлого, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хагас, бүтэн жилээр тооцож ажиллах нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.


Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно.
Сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрд төрийн албанд өөрчлөлт орж, төрийн төлөө тогтвортой зүтгэх албан хаагчдын итгэл үнэмшил алдагдсаар байна.
Манай нам эрх барьж байх үедээ энэ гажуудлыг засч, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, төрийн албан хаагчдыг сургах, чадавхийг сайжруулах, төрийн албаны мерит (чадахуйн) зарчимд суурилсан тогтолцоонд бүрэн утгаар шилжих,
тэдний ажпыг үнэлж дүгнэх олон улсын нийтлэг жишиг, стандартад нийцсэн дүрэм, журмыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ авах болно.


Бүх шатанд төрийн хууль, тогтоомжийг ягштал биелүүлдэг байх нь чухал. Батлагдсан хуулийг хэрэгжүүлж эхлээгүй байж шүүмжилдэг, хэрэгжилтийг нь сулруулдаг байдал Засгийн газрын байгууллагуудад байж болохгүй.
Хууль хэрэгжүүлэх нөхцөл бололцоог нарийн тооцож боловсруулдаг байх, батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч байх нь төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага байх болно.


Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна.


Авлигаас ангид, хол байх зарчмыг төрийн албан тушаалтнууд цээжиндээ бат баринтаглавал зохино.
Энэ үзэгдэл төр, түмнийг түйвээж, нийгмийн баялгийг тарамдуулан, итгэл найдвар, эрмэлзэл тэмүүллийг үгүй хийн, улс орныг үгүйрлийн зам руу хөтөлдөг.


Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнд ч ямар нэгэн өршөөл байхгүй, хууль ёс тийм хүмүүст хамгийн хатуу чанга үйлчлэх болно гэдгийг сануулъя.
Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхи болсон өнөөгийн нөхцөлд хариуцлагатай засаглалын жинхэнэ өнгө төрхийг манай намын Засгийн газар, Засаг дарга нар бий болгох ёстой гэдгийг цохон тэмдэглэж байна.


Гурав. Төсөв, санхүүгийн хариуцлага
Эдийн засгийн байдал хүнд байгаа нөхцөлд төсөв, санхүүгийн хариуцлагын асуудлыг онцлон авч ярихаас өөр аргагүй. Төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь санхүүгийн тогтворгүй байдлыг даамжруулах, эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх, өрхийн амьжиргааны түвшин үргэлжлэн муудах, бодит секторын өсөлт саарснаар зээлийн чанар муудах, зээл хумигдах энэ нь эргээд бодит секторын уналтыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх магадлалыг өндөр болгож байна.


Бид өндөр хариуцлагатай, чанд сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого хэрэгжүүлж байж л ард иргэдийнхээ амьдрал, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалан дэмжиж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж чадна.


Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн зарлага ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, улсын нэгдсэн төсвийн ДНБ-д эзлэх алдагдал огцом өссөн байна.


Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолд “Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэх эрх олгосон болон санхүүжилт хийсэн төсвийн өрөнхийлөн захирагч, бусад этгээдэд аудит, хууль хяналтын байгууллагын холбогдох шийдвэрийн дагуу хариуцлага тооцох"-оор заасан байгаа.


Бид эрх баригч намын хувьд төрийн зохих бүтцээр дамжуулан төсөв, санхүүгийн хувьд алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож, ирээдүйд бий болох төсөв, санхүүгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах, улмаар тогтворжуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно.


Бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хэмнэлт, сахилга батыг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг чанд хангах зохистой, үр нөлөө бүхий тогтолцоог бий болгох цаг болжээ.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ч ашиггүй ажилладаг, ихээхэн хэмжээний үрэлгэн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн нийлүүлэх, татан буулгах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байна.


Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг нийтэд нээлттэй, ил тод хэлбэрээр хувьчлах нь зүйтэй гэж үзэж байна.


Дөрөв. Улс төрийн намын хариуцлага
Энд улс төрийн намын, түүний дотор Монгол Ардын Намынхаа хариуцлагын талаар хэдэн зүйл хэлье.
Мэдээж эрх барьж байгаа нөхцөлд Монгол Ардын Намын хариуцлагыг намаас томилогдож, сонгогдсон төрийн болон улс төрийн ажилтнууд хүлээх ёстой.
Бид дараа дараагийн бүх шатны улс төрийн сонгуулиудад “Монгол Ардын Нам” гэсэн хаягаар оролцохоо хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас Монгол Ардын Нам эрх баригч боллоо гээд төрд уусаж, хүч нь сулрах учиргүй.
Үүний тулд бид юу хийх, яаж ажиллах ёстой вэ?
Манай намын үзэл суртлын баримтлалыг боловсруулж, бүх нийтийн хүртээл болгох нь намын нийгмийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага гэж үзэж байна. Намын аппарат хүчтэй байх нь намын бодлогыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалттай болгох, намын үзэл суртлын ажлыг системтэй явуулахад хамгийн чухал зүйл мөн.


Тийм учраас намын аппаратаа байнгын хүчтэй, зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй төлөвлөн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх ажилдаа орох хэрэгтэй.
Эх орондоо иргэн түмнийхээ итгэлийг олон арван жилээр хүлээж, засгийн эрхийг барьж байгаа манай намтай үзэл баримтлал ижил улс төрийн хүчин олон байна.
Тэдгээр намуудыг улс төрийн хувьд тулхтай, үйл ажиллагаа нь тогтвортой, нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч байж, сая сонгогчид нь итгэл хүлээлгэж байна.
Энэ нь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол зарчим тэнд ч бас адил хэрэгжиж байна гэсэн үг юм.


Намаа төвхнүүлж чадахгүй байж, төрийг төвхнүүлэх гээд бүтэлгүйтэж буй зарим улс төрийн хүчний жишгээс бид ангид байх учиртай.
Төрд ажиллаж байгаа улс төрийн зүтгэлтнүүдийн төрийн ажил үүргээс гаднах хоёр дахь чухал үүрэг бол намын нэр хүндийг байнга өргөж байх явдал юм. Улсын Их Хурлын 65 гишүүнээс эхлээд Засгийн газрын бүх гишүүд, дэд сайд нар, бүх түвшний Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга нар намын ажлын тодорхой үүргийг өөртөө хүлээх ёстой.


Та бүхэн намаас үүрэг даалгавар өгөхийг хүлээлгүйгээр өөрсдөө санаачлан үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргаж, намын зохих түвшний дарга нарт амлалтаа бичгээр гаргаж өгч, улмаар амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой гэж бодож байна.


Манай намын төв аппарат хүчтэй байх шаардлагатай байна. Тухайлбал, Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн. Ийм бодлогын судалгааны төв намыг ямар ч нөхцөлд зөв замаас нь хазайлгахгүй байх ерөндөг нь болно.


Энэ төв Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хянаж суух байгууллага биш, эх орныхоо хөгжлийн ирээдүйг зөв төсөөлж, ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн сайхан болгох бодлого боловсруулан дэвшүүлдэг манай намын оюун ухааны уураг тархи байх юм.


Бид туршлагаар бялхам ахмад үеийнхэн, шинэ мэдлэг боловсролоор халгим залуу үеийнхнийхээ оюуны чадамжийг ашиглан, эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлийг нь нэгтгэн ийм байгууллагыг зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.


Сонгуулийн маргаашаас гишүүдээ мартдаг талаар манай намын жирийн гишүүд байнга хэлж, ярьж байдаг. Бид энэ шүүмжлэлийг хүлээн авч, засч залруулах ёстой.
Манай намын бүх шатны байгууллагууд, тэдгээрийн удирдах ажилтнууд, намаас төрд сонгогдож томилогдсон хүн бүр жирийн гишүүд дэмжигчдээсээ амьд холбоогоо таслах ёсгүй.


Жирийн гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, тэдний шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг соргогоор харж,
засч залруулах чадвартай байхын тулд сард нэг удаа намын гишүүдтэйгээ уулзан учирч, тэдний санаа сэтгэлийг зовоож буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, бас харилцан ойлголцож байх нь зүйтэй гэж бодож байна.
Манай нам ард түмэнтэйгээ байнгын амьд холбоотой байхын нэг чухал сэжүүр нь намын гишүүдтэйгээ ойрхон байх явдал гэдгийг сайтар ухаарч, ойлгоорой гэж үүнийг та нарт хэлж байна.


Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын төв аппаратын ажилтнууд, судалгааны төвийн ажилтнууд хамтран дараа дараагийн сонгуульд бэлтгэх "Замын зураг"-ийг одооноос гаргах хэрэгтэй. Үүнд намын жирийн гишүүд гол тулгуур хүч болно гэдгийг анхаарвал зохино.


Тав. Нийгмийн хариуцлага
Хариуцлагатай засаглал, хариуцлагатай эдийн засаг, хариуцлагатай намын анхдагч нөхцөл нь хариуцлагатай нийгэм мөн.
Тиймээс иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хариуцлагын тухай товч хөндмөөр байна.
Энэ талаар цөөнгүй ярьж, багагүй бичдэг ч хариуцлагын эрэмбэд хойгуур буюу хоёрдогч, гуравдагч асуудал мэтээр үздэг үзэл бодол түгээмэл байна.
Энэ хүрээнд би иргэн бүрийн төрийн хуулийг сахин биелүүлэх хариуцлага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн хуулийг дээдэлж, хэрэгжүүлж ажиллах хариуцлагыг онцолж байгаа юм.
Нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд манай намын гишүүдийн манлайлал нэн чухал.
Иргэд олон нийтийн зөв зүйтэй, нийгэмд ашигтай санал санаачилгыг ажил хэрэг болгох нь төрийн бүх түвшинд ажиллаж байгаа манай намын боловсон хүчний үүрэг хариуцлага мөн.


Энэ нь манай нам олон түмний хүлээлтийг биелүүлж, дахин итгэл даасаар байх нэг чухал сэжим гэдгийг дор бүрнээ анхааръя.


Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ!
Бүхэлд нь дүгнэж хэлбэл, нийгмийн амьдралын бүх хүрээнд, төрийн удирдлагын бүх түвшинд хариуцлагын асуудлыг онцгойлон авч үзэхээс өөр чухал сонголт бидэнд үгүй ээ.


Хариуцлага гэдэг нь зөвхөн яллана, шийтгэнэ гэсэн үг биш, харин эрх үүргээ зөв ухамсарлаж, өөрийнхөө төлөө, хамт олныхоо өмнө, нийгмийнхээ тусын тулд хариуцлага хүлээж, ачаа даах чадвартай байх тухай асуудал юм.
Хариуцлагын тухай ийм үзэл санаа нь Монгол Ардын Намын нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай бүрнээ нийцэж байгаа бөгөөд манай намын гишүүд, дэмжигчид бүх талаар хариуцлагатай байх үйл хэрэгт манлайлж, үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.


Үүний тулд дараах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Намын даргын хувьд чиглэл болгож байна. Үүнд:
1. Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн оролцогчидтой “Хариуцлагын гэрээ” байгуулах, ингэхдээ тухайн албан тушаалтны хүлээх үүрэг, ёс зүйн хэм хэмжээний шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан байхыг намын Удирдах зөвлөлд даалгах;
2. Намын бүх шатны байгууллагыг идэвхжүүлж, намын сонгуульт ажилтны цалин хөлс, нийгмийн асуудлыг тусгайлан судалж, зохих санал боловсруулан шийдвэрлүүлэх;
3. Намын бодлогын судалгааны чадавхийг нэмэгдүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн судалгааг цаг алдалгүй эхлүүлэх;
4. Намын үзэл суртлын ажпыг тасралтгүй зохион байгуулах, эх оронч үзэл, хамтач суртахуун, тусгаар тогтнолын төлөөх гишүүд дэмжигчид, иргэн бүрийн хариуцлагыг ухамсарлуулах, цогц, үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх;
5. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх тогтолцоог бүрдүүлэх, төрийн албанд ажиллах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, сургах асуудлыг судалж боловсруулах, нөөц бүрдүүлэх;
6. Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн намд итгэх итгэл, мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтын хэрэгжилтэд үнэлгээ өгөх, судалгааг тодорхой давтамжтай явуулж, бодлогын зөвлөмж гаргах механизмыг тогтоох;
Эдгээр ажлын үр дүнг жил бүр дүгнэж, Намын Бага хуралд танилцуулж байхыг Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн ажлын албанд үүрэг болгож байна.
Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Ардын Нам улс орныхоо, ард түмнийхээ өмнө хүлээсэн түүхэн хариуцлагаа гүнээ ухамсарлаж байна.
Монгол Ардын Нам эдийн засгийн хямралыг даван туулж, эх орноо хөгжлийн шинэ өндөрлөгт хүргэж чадна.
Бид хариуцлагатай засаглалыг тогтоож, Монголын ард түмнийг манлайлан, хууль хэрэгждэг, ёс зүйтэй нийгмийг цогцлоох болно.

Түмний итгэлийг зүтгэлээр хариулж,
Түүхэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлцгээе.

Анхаарал хандуулсанд баярлалаа.