Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол өргөн барилаа

2018/10/01 12:30 465

Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан билээ.

Түүнийг Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.01