Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдох тогтоолын төслүүдийг батлав

2018/06/28 14:59 641

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 18 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Х.Нямбаатар нарын гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төрийн чухал албаны босоо тогтолцоог хэт хавтгайруулж хэвтээ болгож байгаа нь эргээд төрийн бодлого алдагдах, хуулийн хэрэгжилт хангалтгүй байх үр дагавар дагуулдгийг анхааруулж байлаа. 

Дараа нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураасан. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “6.2. Аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээнийн нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулсныг  хуралдаанд оролцсон гишүүдийн 75,6 хувь нь дэмжсэн. 

Ингээд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн Байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. 

Байнгын хорооны хуралдаанаар төслийн зарим заалтыг  Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, УИХ-аар хууль тогтоомжийн төсөл хэлэлцэх дэгтэй холбогдсон зарим заалтыг тодруулах талаар Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх журамтай холбогдсон өөрчлөлтийг бүхэлд нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар хуулийн төслийн хэрэгжих хугацаа, ирцийн асуудлаар УИХ-дахь намын бүлгүүд хариуцлага хүлээх эсэх, хурууны хээгээр санал өгөх боломжийн талаар  тодруулсан. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн  хариултдаа, хуулийг  ердийн журмаар дагаж мөрдөх тул УИХ-ын 2018 оны намрын чуулганаас шинэ дэгээр хуралдах болно гэдгийг тодотгохын зэрэгцээ гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх болсон нь шинэ шатанд гаргаж байгаа явдал гэдгийг онцлов. Мөн тэрбээр, дэлхийн 100 гаруй орны парламентад гишүүд нь картаар ирцээ бүртгүүлж, санал өгдөг тогтолцоотой байгаа бөгөөд ердөө 10 гаруй хувь нь  хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг. Хурууны хээгээр санал өгөх техник хэрэгсэл авахад зайлшгүй хөрөнгө, мөнгө багагүй шаардагдаж байгаа гэдгийг хариултдаа тодотгов. 

Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслүүдийг нэгтгэхдээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг суурь болгож хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлд 8.6 дахь хэсгийн “бөгөөд санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно” гэснийг хасах, “төслийн 2 дугаар зүйлд “10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэсэн өгүүлбэр,” нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2019 оны 04 дгээр сарын 05-ны өдрөөс” гэж өөрчлөх санал дэмжигдлээ. 

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссны дараа хуулиудын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Дараа нь “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд “Тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. 

Ингээд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоолын төслүүдийг батлав


“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжсэн байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй  тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,3 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тусгасан байв. 

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийн талаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг батлахыг дэмжжээ. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тусгасан байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хорооны саналын дагуу УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн. 

Үргэлжлүүлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авлаа. 

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах, цаашлдаа улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа. Ингээд Байнгын хорооны саналын дагуу “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад,  хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувь нь дэмжив.

Хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ


Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Хуралдаанд Монголбакны холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хууль санаачлагч гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав. Улс орны зээлийн зах дээр бий болсон олгиполь тогтолцооны үнэ бүрдэлтэд төрийн зохицуулалт бий болгох, мөнгө хүүлэлт хөгжих таатай орчин, монополь ашиг олох гол хэрэгслэл болж байгаа зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ. 

Монголын банкуудын зарласан зээлийн хүүгийн дундаж 28 хувь байгаа нь дэлхийн улс орнуудаас хэт өндөр бөгөөд сүүлийн 10 жилд буурах хандлага ажиглагдахгүй, тогтворжиж “гацсан” үзүүлэлттэй байна. Монгол банкны 2017 оны 09 дүгээр сарын статистик мэдээнд тулгуурлан эдийн засагчид, судлаачдын гаргаж өгсөн банкуудын зээлийн хүү автомашин барьцаалсан зээлийг бодит өртгөөр нь тооцоход 47,5, 100 сая төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн төгрөгийн зээлийн хүү  дунджаар 28, өрхийн хэрэглээний зээлийн зарласан хүү 26, цалингийн зээлийн  хүү 25,3, сургалтын зээлийн хүү 23,4, орон сууц, хашаа байшин барьцаалсан зээлийн хүү  20-26, тэтгэврийн зээлийн хүү дунджаар 18 хувьтай байна. Зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төсөл бүтцийн хувьд 8 зүйлтэй, 23 заалттай боловсруулсан бөгөөд зохицуулах асуудлын онцлогыг илтгэсэн “зээлийн хүүгийн хязгаар”, “банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд” “мөнгө хүүлэлт” зэрэг нэр томъёоллын тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгасан болноЗээлийн захын үнэ бүрдэлтэд төрийн зүгээс оролцох арга хэрэгслийн тухайд дэлхийн улс орнуудын туршлагыг харгалзан зээлийн хүүгийн тааз буюу дээд хязгаарыг хуульчлан тогтоох аргыг сонгож, хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлыг шийдвэрлэж тусгасны зэрэгцээ түүнтэй холбогдуулан зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтуудыг боловсруулж тусгасан гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй байна.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Н.Учрал, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Ундармаа, Б.Жавхлан, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хадгаламжийн зээлийн хүүг бууруулах талаар төсөлд тусгагдсан эсэх, банк бус санхүүгийн байгууллагын хүүг бууруулах зохицуулалт оруулсан эсэх, зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэдээр тогтоож, хязгаарсан давсан нөхцөлд хүлээх хариуцлагын талаар тодруулж илүүтэй тодруулж байв. 

Төсөл санаачлагч гишүүн С.Эрдэнэ хариултдаа, арилжааны банкуудын зээлийн дээд хязгаарыг  жилийн 18 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хувийг 24 гэж тогтоосон бөгөөд, зээлийн хүү үүнээс их байвал мөнгө хүүлэлт гэж үзэн хариуцлага тооцохоор тусгагдсан гэдгийн онцлов. Мөн тэрбээр, хуулийн төсөлд арилжааны банкууд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон заалт оруулсан гэж байлаа. 

Харин Монголбанкны ажлын хэсгээс хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ тодотгохын зэрэгцээ хууль батлагдаж, захиргаадалтын аргаар санхүүгийн зээлийн хүүгийн хязгаарыг тогтоовол банк санхүүгийн зах зээл ил тод байдлаас далд хэлбэрт шилжих сөрөг үр дагавар дагуулна гэж байлаа. Түүнчлэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах талаар стратеги боловсруулан ажиллаж байна. Ингэснээр сүүлийн дөрвөн сард арилжааны банкны зээлийн хүү 18 хувь байснаа 17.4 хүртэл буурч, цаашид ч буурна гэдгийг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал санхүүгийн зах зээлийн хүүг бууруулахад төр захиргаадалтаар зохицуулах бус, хамтарч ажиллаад зөв гарц хайх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан банк, санхүүгийн салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан. Тиймээс хадгаламжийн хүүд өндөр татвар ногдуулж, банкинд байгаа хөрөнгийг нь зах зээлийн эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн санал хэллээ. 

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг  дэмжихгүй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь татгалзав. Гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдааны төгсгөлд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авснаа цуцалж байгаагаа мэдэгдсэн тул тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.