М.Энхболд: Монгол Улсын хувьд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм

2018/01/21 00:27 2196

АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЫН ЧУУЛГАНЫ 26 ДУГААР ХУРАЛДААНЫ

“БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ САЛБАР ХУРАЛДААНД

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Ханой хот, 2018 оны нэгдүгээр сарын 20

             Хурлын дарга аа,

             Эрхэм хүндэт Үндэсний Ассамблейн дарга аа,
             Эрхэм парламентчид аа,

             Хатагтай, ноёд оо,

Энэхүү хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж буй БНСВУ-ын Үндэсний Ассамблей болон хурлын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан үзэсгэлэнт Ханой хотын оршин суугчдад талархал илэрхийлье. 

Дэлхий нийтээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлж байгаа энэ үед манай гарагийн хамгийн том, эрчимтэй хөгжиж буй бүс нутаг болох Ази, Номхон далайн орнуудын парламентчид “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа”-ны сэдвийг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон явдал юм.   

Дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны эх үүсвэр, боломжуудыг зохистой ашиглах, санхүүжилтийн арга, хэлбэрүүдийг дэмжихэд үндэсний парламент чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Хурлын дарга аа,

Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 оны 2 дугаар сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон.

2030 он гэхэд Монгол Улс ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

Манай Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд болон богино хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Өдгөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бүхий л механизмыг цогцоор нь тусгасан төлөвлөгөөний матриц боловсруулж байна. Хөгжлийн санхүүжилтийг бүрдүүлэхэд улсын төсвөөс гадна хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд онцгой анхаарч байгаа юм.

Хурлын дарга аа, 

Зүүн хойд Азид оршдог, далайд гарцгүй манай улсын хувьд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм. Тиймээс манай улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ зэрэг хурал, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Мөн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзэлтэй байдаг. Түүнчлэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх судалгаа хийж, хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байна. 

Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачилж, жил бүр хуралдааныг зохион байгуулж байгаа. Өдгөө бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хамтын ажиллагааны боломж зэргийг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.

2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятад”-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг баталсан. Монголын “Хөгжлийн зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоог уялдуулсан уг хөтөлбөрт гурван улсын хамтын ажиллагааны олон чухал зорилт туссан. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал энд гол байр суурийг эзэлж, түүнийг дагуулан чөлөөт бүс байгуулах, эко аялал жуулчлалын маршрут бий болгохоор төлөвлөж байна. 

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Аялал жуулчлалын нэр төрлийг нэмэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын сүлжээнд нэгдэх, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах сонирхол бидэнд байгааг сонордуулъя. 

Хурлын дарга аа,

Ази, Номхон далайн бүс бол гамшигт хамгийн өртөмтгий бүс нутгийн нэг. Энэ эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь байгаль орчны өөрчлөлт, цаг уурын дулаарал юм.

Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, хөдөө аж ахуй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай улсад цөлжилт, хөрсний доройтол, ой хээрийн түймэр зэрэг үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэж байна. Монгол Улс Парисын гэрээний дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшинг 14 хувь бууруулах зорилт дэвшүүлж, түүндээ хүрэхээр чармайж байна. Дотооддоо экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, улмаар ногоон эдийн засгийг дэмжих эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хурлын дарга аа,

Энэ завшааныг ашиглан манай улс ирэх долдугаар сарын 16-19-нд НҮБ-ын дэмжлэгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг Та бүхэнд дуулгая. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой хөгжилтэй нийгмийг цогцлоохын төлөөх бүсийн түвшний зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, сайнтуршлагыг хуваалцах зорилготой уг хуралд Та бүхнийг өргөнөөр оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.