Зөвшилцөх саналд хариу ирүүллээ

2017/09/27 15:45 1016

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ.

Уг саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан тоотоор хариу ирүүллээ. Хариуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

“Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-аас хүсье” гэжээ.