Ээжүүдийн НДШ-ийг 1,5 жилээр нэмж тооцно.

2017/02/04 07:54 23021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.

2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт 2.1 хувьтай байгаа бөгөөд хүн амын жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь хүн амын цонх үетэй холбоотой бөгөөд харин цаашид аажим буурсаар 2025 онд 0.99 хувь болох ажээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанд дурдсанаар нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, харин хүүхэдтэй өрх нийт 531,1 мянга байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон, ганц бие эх/эцэг/-тэй өрх эзэлдэг. 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Батлагдсан хуулийн талаар санаачлагч С.Чинзориг нарын гишүүд тайлбар өглөө.

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг энэ хуульд оруулсан.

Нэгдүгээрт, Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.

Хоёрдугаарт, ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт шинээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Албан даатгалд өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө.

Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна, 50 хувийг нь өөрөө төлөх зохицуулалт хийгдэж байгаа.

Гуравдугаарт, НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Энэ хуулиар 100 хувь бодуулж авахаар зохицуулсан.

Зөвхөн эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон аж. Төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцогдох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батлах юм байна.