Н.Энхболд: Ялихгүй шалтгаанаар засгаа унагахгүй.

2016/12/07 11:22 984
  • ИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ынхан бүлгийн хурлаа өнгөрсөн даваа гаригт Тусгаар тогтнолын ордонд хийсэн. Төрийн ордонд биш Тусгаар тогтнолын ордонд хуралдсан шалтгаан чинь юу вэ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж байгаа. ямар асуудал хэлэлцсэн нь нийтийн анхаарлыг нэлээд татсан. Бүлгийн хурлаар яг ямар асуудал хэлэлцэв. Хэний, ямар томилгооны тухай ярилцсан юм бэ?

-МАН нэгэнтээ ард түмнээс үнэмлэхүй итгэл хүлээгээд гарч ирсэн. Тиймээс УИХ-ын 65 гишүүн болон яам, агентлаг гээд төрийн албанд томилогдсон хүмүүс хариуцлагатай ажиллах ёстой. Бидэнд асар том хариуцлага ирсэн гэж ойлгож байгаа. Тэр утгаараа хариуцлагатай ажиллах тухай асуудал бол бүлгийн хурлаар байнга хөндөгддөг сэдэв. Манай бүлэг хариуцлагатай ажиллаж чадахгүй бол хэнд ч хариуцлага тооцно шүү гэдгээ ярилцсан.

-Засгийн газрын дөрвөн сайдаа огцруулахаар олонхийн бүлэг ярилцсан гэсэн мэдээлэл өнгөрсөн сараас эхлээд хэвлэлээр цацагдах боллоо. Энэ яриа хэр үнэн бэ?

-МАН-ынхан дөрвөн сайдаа огцруулах тухай огт яриагүй. Энэ бол сэтгүүлчдийн өөрсдийнх нь таамаглал байх. Төр засаг тогтвортой ажиллах ёстой. Мэдээж буруу юм хийгээд байвал тухайн хүн, байгууллагатай хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Гэхдээ Засгийн газар байгуулагдаад таван сар болж байна. Эдийн засгийн байдал үнэхээр амаргүй байгаа. Ялангуяа сүүлийн үед гадаад байдал маань хүндэрч байна. Энэ тохиолдолд ямар нэгэн хатгалгаар юм уу, ялихгүй шалтгаанаар төр засгийн тогтворгүй байдал үүсгэх нь муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэдэг шиг юм болно. Тиймээс Засгийн газар тогтвортой ажиллана гэдэгт би хатуу итгэлтэй байдаг. Ард түмэн бидэнд маш том үүрэг, хариуцлага хүлээгэсэн. Эдийн засгаа сайжруулахын тулд тогтвортой байдал, тэвчээр, ойлголцол, эв нэгдэл хэрэгтэй.

-Та Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна, тийм үү?

-Манайхан аливаа асуудлын үр дүнг харахыг ихэд яардаг. Өнөөдөр гарсан шийдвэрийн үр дүн маргааш гарна гэж байхгүй. Нэгэнт том асуудалтай тулгарсан, том зорилго тавьж байгаа, том шийдвэр гаргаж байгаа бол үр дүн нь өнөө, маргаашгүй гарчихгүй. Сонирхуулж хэлэхэд Францийн хувьсгал дэлхийн түүхэнд нөлөөлсөн үр дүнгийн талаар юу гэж бодож байна вэ гэхэд “Одоо 200-хан жил өнгөрч байна даа. Үр дүнг нь ярих эрт байна” гэж Хятадын том улстөрч хэлсэн байдаг. Тэгэхээр том зорилго тавьж, алсыг харж ажиллахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Энэ хүнд нөхцөлд Засгийн газрын ажлыг дөрөв, тавхан сараар дүгнэж ярих нь хэтэрхий эрт байна.

-Ингэхэд МАН-д юу болоод байна. МАН хоёр хуваагдчихлаа гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдох болсон шүү дээ?

-Тийм яриа гарч л байдаг. Бие биедээ тодорхой шаардлага тавиад болохгүй бол янз бүрийн хариуцлагын тухай асуудал гишүүдээс зөндөө гардаг. Гэхдээ УИХ бол эцсийн дүндээ хамтын шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Гишүүн бүр өөрийн гэсэн байр суурьтай байж болно. УИХ-ын шийдвэр, бүлгийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр бол хамтын шийдвэр юм. Би ер нь ганц энэ тохиолдолтой холбогдуулаад биш өмнө нь олон удаа ярьж байсан. Парламент гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Парламнетын дотор 76 өөр санал гарч болно. Хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг сонгогчдын эрх ашгийн үүднээс илэрхийлэх эрх, үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг хамт гаргадаг учраас нэг гишүүн тэглээ, ингэлээ гэх нь байдаг л зүйл.

-Эдийн засгийн байдал сайнгүй байна. УИХ-аас саяхан хямралаас гаргах хөтөлбөрөө баталсан. Энэ хөтөлбөр эдийн засгийн хямралаас гаргана гэдэгт итгэлтэй байна уу?

-УИХ-аар эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу хямралаас гарах гээд ажиллаж байна.

-Хөтөлбөр тэр чигээрээ МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр байна гэсэн яриа байгаа?

-Төрийн албаны том бүтцээс болж хямрал үүссэн гэж бодохгүй байна. Хямрал бол дотоод, гадаад олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Магадгүй тэр дотроо төсвийн бүтэцтэй зоригтой өөрчлөлт хийх шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй. Үүнд төрийн албаны бүтэц орж болох юм. Гэхдээ бид цаашид гарах улс төрийн үр дагаварыг тооцох ёстой. Хатуу ширүүн шийдвэр гарахаар манай намд хохиролтой байх юм болов уу гэж бодохоос илүү ерөөсөө улс оронд, нийгэмд яаж тусах вэ гэдгээ давхар бодолцох ёстой. Тэгж байж төрийн бодлого гарна уу гэхээс ганц намын бодлого яваад байгаа юм биш л дээ. Ямар ч байсан эдийн засгийн хямралаас гарахын тулд энэ хөтөлбөрөө бариад явна. Нөхцөл байдалд бидний бодож байснаас огцом өөрчлөгдөж байна. Манай улсын эдийн засаг бол гадны зэх зээлээс нэлээд хамаардаг. Бид хэрэглэж байгаа зүйлийнхээ 70-80 хувийг гаднаас авдаг. Тэглээ гээд бид хариуцлагыг өөрөөсөө холдуулах гэж байгаа юм биш. Эдийн засгийн хямралд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гадаад нөхцөл байдал ч амаргүй болоод байна. Урд хөрш манайхаас гарч байгаа гол нэрийн бүтээгдэхүүний татвар хураамж, гаргадаг арга хэрэгслийг өөрчлөөд ирж байгаа нь бидний зайлшгүй бодолцох ёстой зүйлийн юм. Хэдхэн хоногийн дотор олон зүйл өөрчлөгдлөө. Өнөөдөр нэг том асуудал үүслээ гэхэд маргааш шийдэх боломжгүй байдаг. Тэр тусмаа олон талаас хамааралтай асуудал дээр дипломат яриа хэлэлцээр явна. Монголын талаас бүхий л талын хүчин чармайлт гаргаж байж нөхцөл байдлыг эргүүлнэ. Ийм асуудал дээр цаг хугацаа их ордог.

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар буурууллаа. Энэ нь манай улсад итгэх итгэл нэг шатаар буурч байгаагийн илрэл байх. Тэгэхээр олон улсад итгэл олох эхний алхам юу вэ

-Зээлжих зэрэглэл буурна гэдгийг хүнээр орлуулж хэлбэл, энэ хүнд итгэж болох уу үгүй юу гэж үзэж байгаатай адил. Айлаар орлуулж бодоход өмнө нь их өр тавиад тэр мөнгөө хурдан морь, үнэтэй хөөрөг авчихсан болж байна. Ийм айлд дахиж мөнгө зээлэхгүй. Монгол Улс яг ийм нөхцөл байдалд ороод байна. Урьд өмнө нь ажиллаж байсан Засгийн газрын нэр хүнд дээр суурилж хэдэн төгрөг зээлж аваад үр ашиггүй зарцуулсан улсад дараа нь зээл өгөхдөө хашир, хянамгай хандана. Ямар ч тэнэг хүн байсан хаширлана. Тиймээс бид зөв бодлого явуулж, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадна гэдгээ хөрөнгө оруулагчдад харуулах хэрэгтэй. Үүнээс өөр биднээс хамаарах асуудал бага болсон. Манай улсын борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэ ахихгүй байна, өрийн хэмжээ өндөр байна. Тиймээс миний бодлоор том төслөө хөдөлгөж, зөв итгэл олж авснаар нөхцөл байдал алхам алхмаар сайжирна. Тэрнээс нэг асуудал шийдээд өргөс авсан мэт болно гэж байхгүй. Хамгийн төвөгтэй асуудал нь хоолойн дээр тулсан өрийн асуудал байна. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авсан. Гэтэл одоо 2017 оноос төлж эхэлнэ. Үүнээс бүх юм эхэлсэн. Зээлжих зэрэглэл бууруулсан нь энэ асуудлаас үүдэлтэй. Тиймээс эхний ээлжинд том өрийн хугацааг хойшлуулж, нэг амьсгаа авах хэрэгтэй. Засгийн газар эдийн засгаа сэргээх тал дээр чадлынхаа хэрээр ажиллаж байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад санхүүгийн сахилга батыг сайжруулаад, итгэл бий болгох нь анхны алхам гэж харж байна.

-ОУВС-гийн төлөөлөл манай улсад ажиллаад буцсан. Тэдний тавьж буй нөхцөл өмнөхөөс ч илүү хөнгөрсөн гэж Сангийн сайд хэлж байсан. Тэгвэл зээлжих зэрэглэл буурснаар ОУВС-гийн шийдвэрт сөрөг нөлөө үзүүлэх үү?

-ОУВС-гийнхан манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэлээд ойлголттой байгаа гэж бодож байна. Тэгэхээр ганц “Moody’s”-ийн шийдвэрээс болж ярьж хэлсэн зүйлээсээ буцахгүй байх гэж найдаж байна.

-Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хариуцлагагүй мэдэгдлээс үүдэж Монгол Улсын нэр хүнд гадаадын зэх зээл дээр уналаа гэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ер нь бол манай дотоод нөхцөл байдал бидний нөөц боломж чадамжийг бид нартай хамтарч ажилладаг гадны улсууд биднээс удахгүй мэднэ. Ингээд яриагаа өндөрлөе.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: news.mn сайт