Туркийн Үндэсний Их Хурлын Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2016/10/26 13:44 2899

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Туркийн Үндэсний Их Хурлын Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд удахгүй болох Турк Улсын үндэсний баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, Мехмет Эрдоан  тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд тавтай зочлохыг хүсэн ерөөв.

Тэрбээр Монгол Улсын гуравдагч хөрш Турк улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгааг тэмдэглээд энэ үйл ажиллагаанд хоёр талын хооронд хийгдэж буй айлчлалууд, түүний дотор хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хооронд хэрэгжүүлсэн айлчлалууд ач холбогдолтой болсныг дурдлаа. Цаашид хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглахын чухлыг тэмдэглээд, Үндэсний Их Хурал дахь Турк, Монголын Парламентын найрамдлын бүлгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

Ноён Мехмет Эрдоан хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын даргад талархаад, өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болон М.Энхболдыг УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр “Туркийн төр засаг, ард түмэн Монгол Улсыг Евразийн уудам дэлгэр нутагт харилцаа хамтын ажиллагаа хамгийн амжилттай хөгжиж буй түнш орон, ах дүү ард түмэн хэмээн үздэг” гэж онцлоод Монгол Улстай бүхий л салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх эрмэлзэл бидэнд бий хэмээв.

Ноён Мехмет Эрдоан Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Монголын төр засаг, ард түмэн Туркийн хууль ёсны засаг төр, иргэдийн нийтлэг эрх ашгийг дэмжиж байсанд талархал илэрхийлээд төрийн эргэлт хийхийг оролдогчид, хууль бус бүлэглэлүүдтэй хийж буй тэмцлийн талаар УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бэрхшээл саадыг арилгахад парламентуудын үүрэг чухал бөгөөд эрх зүйн орчныг сайжруулах нь бидний үүрэг юм хэмээн онцлоод Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ТИКА Монгол Улсад 450 гаруй төсөл хөтөлбөрийг 30 орчим сая ам.доллараар санхүүжүүлээд байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа цаашид өргөжөөсэй гэж хүсэж байна гэв. Түүнчлэн Туркийн Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус Туркт боловсрол эзэмшсэнийг тэмдэглээд, энэхүү оюуны томоохон хөрөнгө оруулалт цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

М.Энхболд нэлээд хэдэн жилийн өмнө Туркийн талаас амласан 300 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэрэгжилт удааширч байгааг анхааралдаа авахыг ноён Мехмет Эрдоанаас хүсэв. Ноён Мехмет Эрдоан буцаж очоод энэ асуудлыг Засгийн газартаа хандаж тавина. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Ноён Мехмет Эрдоаныг дагалдан Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Нурэддин Нэбати, ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хамза Даг, Бүлэнт Енэр Бэкташоглу, Эркан Хабэрал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нарын зэрэг хүмүүс байлцлаа. 

Эх сурвалж: УИХ-ын ТГ-ын ХМОНХХ.