УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгэн дэх онцлох 10 ишлэл.

2016/09/11 08:05 4226

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 12 хоног хуралдаж, улс орны  ирэх 4 жилийн бодлого зорилтоо тодорхойлсон бодлогын баримт бичгийг баталсан. Үүнээс гадна эдийн засгийн хүндхэн байгаа хэдий ч цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг өнөөгийн түвшинд хадгалан, цаашид үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолж байлаа.

 

  1. Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа
  2. Ирэх 4 жилийн бидний үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, өсөлтийн суурийг хангах, улмаар эрчимжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэгдэх болно.
  3. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээний зардлыг өнөөгийн түвшинд хадгалан, цаашид эдийн засгийн байдал сайжрах үеийн боломжтой уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх болно.
  4. Төсөвт ачаалал учруулахуйц хэд хэдэн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлууллаа.
  5. Улсын Их Хурал дээрх асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцээд, татвар нэмэх асуудлыг бодлогын хувьд дэмжих боломжгүй гэж үзлээ.
  6. Санхүү, мөнгөний бодлогоор хувийн хэвшлийг дэмжих нөхцөл хязгаарлагдмал байгаа энэ цаг үед татварыг нэмэгдүүлэх нь бизнес эрхлэгчдэд нэмэлт дарамтыг бий болгох төдийгүй гадна талдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг улам сулруулах таагүй үр дагаврыг авчирна.
  7. Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжив.
  8. Харин иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх цалин бууруулах санал бүхий Загийн газрын арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
  9. Ээлжит бус чуулганаар малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой шийдвэр гаргалаа
  10. Үүссэн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулахад ард түмний маань эх орноо гэсэн ухамсар, итгэл, зүтгэл шийдвэрлэх хүчин зүйлийн нэг байх нь дамжиггүй.

 

С.Болд