М.Энхболд: Монгол Ардын Намын алхам бүр нь улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэнэ.

2016/07/07 10:48 2137

            МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН VI ХУРАЛДААНД

УИХ-ЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ

            Бага хурлын эрхэм гишүүд ээ,

          Эрхэм журмын нөхөд өө,

          Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган ялалтын баярын халуун дотно  мэндчилгээг дэвшүүлье.

          Туурга тусгаар Монгол Улсын цаашдын хувь заяанд шийдвэрлэх нөлөөтэй, нэн хариуцлагатай сонгуульд манай нам ялалт байгуулж, Засгийн эрхийг барих боллоо.

УИХ-ын сонгуулийн 76 тойргийн 65-д нь, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн 810 тойргоос 566-д нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч ялж, УИХ болон нийслэл, Завхан аймгаас бусад 20 аймгийн ИТХ-ын дийлэнхэд нь үнэмлэхүй олонх болсон байна.

Ийнхүү Монгол Ардын Нам олон түмний сонголтын үр дүнд ялалтын тугийг мандуулсан эрхэм чухал үйл хэрэгт сэтгэл зүтгэлээрээ манлайлан оролцсон намынхаа нэр дэвшигчид, гишүүд, дэмжигчдээрээ бахархахын хамт улс орны ачааны хүндийг үүрэх асар их хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлаж байна.

          Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, бидэнд өндөр итгэл, найдвар хүлээлгэсэн цөлх ухаант ард түмэндээ болон намын журмын нөхөд, дэмжигчиддээ Намын даргын хувьд гүнээ талархаж байна.

Манай нам энэ удаагийн сонгуульд эртнээс ул суурьтай бэлтгэн, бүхий л нөөц боломжоо дайчлан ажилласан.

Монгол Ардын Намын сонгуулийн Төв штабаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн намын Бага хурлын гишүүддээ танилцуулж байна.

          Монгол Ардын Намын сонгуулийн төв штаб энэ оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгуулийн ажлыг зохион байгуулахдаа манай нам сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орж байгаа өвөрмөц онцлогоо нарийн тооцсон юм.

Иймээс ард иргэддээ байр суурь, бодит байдлаа сайтар ойлгуулахад сонгуулийн сурталчилгааг чиглүүлж, ямар нэгэн хууль зөрчсөн, алдаатай зүйл хийж намын эрх ашигт ноцтой хохирол учруулахгүй байхад голлон анхаарлаа.

Намын Удирдах Зөвлөлөөс дөрвөн үндсэн ажлын хэсэг, 26 дэд ажлын хэсэгт 286 хүн ажиллахаар Төв штабыг зохион байгуулж,

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн бэлтгэлийг хангах, сурталчилгааны  ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

          Монгол Ардын Намаас 2014-2015 онд орон даяар зохион байгуулсан “Бид хамтдаа” аяны хүрээнд ирүүлсэн иргэд сонгогчид, эрдэмтэн судлаачдынхаа санал, үг, зөвлөгөөг бүрэн тусгаж, хүний амьдралын үе шат бүхэнд нийцсэн хөгжлийн баримт бичиг болох Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Намын дүрэм, хүний нөөцийн журам болон сүүлийн 2 жил олон нийтийн дунд явуулсан удаа дараагийн судалгааг үндэслэн УИХ-д нэр дэвших хүмүүсээ сайтар судлаж, намын Бага хурлаараа ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

          Сонгуулийн төв штабаас аймаг, нийслэлийн намын сонгуулийн штабууд, нэр дэвшигчдэд сонгуулийн кампанит ажлын хугацаанд 23 удаа 176 заалт бүхий зөвлөмж, ажлын чиглэлийг хүргүүлж шуурхай удирдлагаар хангаж ажилласан байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн штабуудаас Төв штабын ажлын хэсгүүдэд хандсан нийт 354 мэдээлэл, санал, хүсэлт, асуулт ирүүлснийг тухай бүр судалж шийдвэрлэжээ.

          Сонгуулийн кампанит ажлын хугацаанд Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүрэм, журам, заавруудыг нарийвчлан судалж, онцгойлон анхаарах зүйл, заалтуудыг тайлбарлах, зөвлөмж боловсруулан, шат шатны намын байгууллага, сонгуульд нэр дэвшигч, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч нарт сургалт зохион байгууллаа.

          Сонгуулийн сурталчилгааны ажлын хүрээнд хуулийн зөрчилтэй холбоотой 20 гаруй гомдлыг цагдаа, шүүхийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлж байна.

                Энэ удаагийн  сонгуулийн нэг онцлог нь мэдээллийн технологи, контент дээр төвлөрсөн сонгууль байлаа. Манай нам нийгмийн санаа бодлыг харгалзан үзэж ''сошиал сүлжээ хариуцсан ажлын хэсэг'' байгуулан ажиллалаа.

                Олон нийтийн сүлжээнд нэр дэвшигчдээ дэмжих, контентоо түгээх, хандалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ программ хангамжийг туршиж нэвтрүүллээ. Бид цахим сүлжээнд хамтдаа ялалт байгуулж чадлаа.  

         2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Нам сонгуулийн шинэ технологи, дэвшилтэт арга барил нэвтрүүлсний нэг нь хэвлэл мэдээллийн мониторинг байлаа. Мэдээллийн бүхий л сувгуудад бүхэлд нь мониторинг хийсэн нь сонгуулийн үйл явцыг оновчтой, үр дүнтэй удирдах нөхцөл бүрдүүлсэн байна.

Салбар бүрийн 40 орчим иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, зарим байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

          Энэ оны сонгуульд Монгол Ардын Нам сөрөг хүчний байр сууринаас оролцсон нь улс төрийн давуу болон сул талтай байв. Эрх баригчдын өнгөрсөн 4 жилд хийсэн бодлого, үйл ажиллагааны алдаа  нь ард түмний амьдралд хүндээр тусч, ард иргэдийн амьжиргаа доройтож, нийгмийн бүхий л хүрээг хамарсан хямрал нүүрлэсэн нөхцөлд үүнээс гарах арга зам, улс төрийн манлайллыг Монгол Ардын Нам л түүчээлж чадна гэж ард түмэн үзэж байгаа нь сонгуулийн үр дүнгээр тодорхой харагдлаа.

Гэхдээ эрх баригчид энэ удаагийн сонгуульд хөрөнгө санхүү, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан хүч тэнцвэргүй өрсөлдөөнийг бий болгож байсан нь  хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгаанаас харагдаж байв. Хэдий тийм боловч бид ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ төлөө байж, ингэснээр сонгуульд үнэмлэхүй олонх болж чадлаа.

          Монгол Ардын Намаас УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан ахмад, идэр, залуу үеийн алтан хэлхээ болсон гишүүд, төлөөлөгчдийг маань төр, түмний үйлс бүтэмжтэй байх эх сурвалж, улс орны тулгамдсан асуудлыг шийдэх бүрэн төлөөлөл хэмээн хүлээж авсан байна.

Манай нам, нэр дэвшигчид маань сонгуулийн сурталчилгааны явцад хуульд харшилсан нэгээхэн ч үйлдлийг гаргалгүй УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сунгаанд гүн хүндэтгэлтэй оролцлоо.

          Эрхэм журмын нөхөд өө!

          Ардчилсан нам засгийн эрх барьсан сүүлийн 4 жилд Монгол Ардын Намаас сөрөг хүчний хувиар явуулсан бодлого үйл ажиллагааг ард түмэн анхааралтай ажиглан, дэмжиж ирсэн.

Монгол Ардын Намын рейтинг 2012 оноос аажим тогтвортой өсч, сонгогчдын манай намд итгэх итгэл улам бүр бэхжсээр, үүнийг бид өөрсдийн бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж чадсаны үр дүнд сонгуулийн ялалтанд БИД ХАМТДАА ХҮРЛЭЭ.

Өнгөрсөн сонгуулийн үр дүнг базаж хэлбэл:

Өнгөрсөн жилүүдийн алдааг давтахгүй гэсэн хатуу зарчим, шинэчлэгдэн зүтгэж, уламжлалаас улбаалан шинийг бүтээнэ гэсэн манай намын тулгуур үзэл санааг ард түмэн ойлгосон байна.

          Намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, намын нөхөд маань тулгамдсан асуудлуудаар ард түмэнтэйгээ санал бодлоо солилцож, түүнийг ажил хэрэг болгох нэгэн санаанд нэгдэж чадсан гэдэгт найдаж байна.

          Нөгөө талаар Монгол Улсад бий болоод байгаа нийгэм-эдийн засаг-засаглалын хямралыг даван туулах гэсэн сонгогчдын чин хүсэл нь сонгуулийн үр дүн болж илэрч байгааг үгүйсгэх учиргүй.

Иргэд, сонгогчид маань манай намаас эн түрүүнд засаглалын болон эдийн засгийн хямралыг даван туулах, нийгмийн сайн сайхан байдлыг дахин сэргээхийг хүсэн хүлээж байгаа билээ.

Монгол Ардын Нам хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн Засгийн газартай байж эдийн засгийн хямралыг даван туулж, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх бодлогыг амласан шигээ ажил хэрэг болгох болно. Энэ бол Монгол Ардын Нам, сонгогч түмэн та бидний ХАМТЫН ХҮСЭЛ, БАСХҮҮ ХАМТЫН ЗОРИЛГО байх болно гэдэгт огтхон ч эргэлзэх зүйлгүй.

Монголын ард түмэн МАН-д онцгой итгэл хүлээлгэн, үнэмлэхүй ялалтад хүргэсэн нь  ард түмэн Монголд нүүрлээд байсан засаглалын хямралыг зогсоож, улмаар төрийн бодлого үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллахыг сануулж байгаа хэрэг гэж ойлгож байна. Улс төрийн намын дотоод зөрчил, маргалдаанаас ард олон залхсан, эв найртай байхыг сануулсан, төрийн албыг мэргэшсэн байлгахыг хүссэн байдал нь тодорхой харагдаж байна.

          Бага хурлын эрхэм гишүүд ээ,

          Манай намын мөрийн хөтөлбөр, хийх ажил эх орны бүх салбарыг хамарч, хүн бүрт үр дүн нь мэдрэгдэж байсныг сонгуулийн явцад бид харж, сонсож байсан билээ. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулж үйл ажиллагааг нь даруй эхлүүлнэ. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцлийг хангана.

Мэргэжлийн Засгийн газар нь мэргэжлийн өндөр ур чадвартай байж, өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх бүхий л арга замыг эрэлхийлсэн, эрчимтэй, шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.  

Шинээр бүрэлдэх Засгийн газар нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловруулан Улсын Их Хурлаар  батлуулах хэрэгтэй. Эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарахад олон улсын болон бүс нутгийн банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай байна.

Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.

          Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон хөтөлбөр, төслүүдийг үйл ажиллагааг нь эхлүүлж, эдийн засагт эрчимтэй түлхэц үзүүлэхийн зэрэгцээгээр түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах арга хэмжээг тусгана.

Бүх төрлийн зээлийн хүүг бууруулж, иргэдээ өр, зээлийн дарамт, сүлжээнээс гарган амьжиргааг нь тэтгэх, төрөөс бизнест үзүүлж байгаа аливаа шахалт дарамтыг багасгаж, тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөлөх, жилийн 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын хэмжээг 1 хувь болгож, ЖДҮ, бизнесийг дэмжихийн хамт аймаг, орон нутагт импортыг орлож орон нутгийн хэрэгцээг хангах 100-гаас доошгүй үйлдвэр шинээр байгуулах зэрэг зорилтуудыг шийдвэрлэнэ.

Хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв болон мөнгөний бодлого хэрэгжүүлж байж бизнес эрхлэлтээ дэмжиж, ажлын байрыг олноор бий болгон, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, баялагийн зохистой хуваарилалтыг хийснээр уруудсан эдийн засгаа  өөд татаж чадна.

Төсвийн нэгдмэл байдлыг хангаж төсвийн гадуурх санхүүжилтийг зогсоохын сацуу өр зээлийн нөхцөл, гэрээний асуудлаар дахин хэлцэл хийх, улсын төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хуулийн хугацаанд батлах байсан 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй байна. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай байна.

          Хөдөө аж ахуйн салбарын уналтыг зогсоохын тулд “Атрын аян”-ыг дахин сэргээж, “Мах, сүүний  анхны аян”-ыг эхлүүлнэ.

Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас малчин өрхийн орлого, амьжиргаанд учрах эрсдэлийг бууруулах тусгай санг бий болгоно.

          Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг олноор бий болгож, ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, бизнес эрхлэхэд нь бүх талын боломжоор хангах, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй болгох, ахмад настнуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг өсгөхийн зэрэгцээ тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд, багачуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах, сургуулиудын тоог олшруулж, хоёр ээлжээр хичээллэдэг болгох зэрэг нийгмийн бодлогын чухал зорилтуудыг тусгаж хэрэгжүүлнэ.

          Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.

Хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх, өндөр үнэтэй эмчилгээ болон монголд хийдэггүй эмчилгээг гадаадад хийлгэсэн бол даатгалд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

          Оюутан, залуучууд зээл авч сургалтын төлбөрөө төлөөд ажил, хөдөлмөрийн талбарт гараад эргүүлж төлдөг тогтолцоог бий болгоно. “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Сургалтын амжилтаас хамааруулж 70000 төгрөгийн урамшуулал өгч байсныг сэргээнэ.

          Монгол улсад гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг тууштай баримтлана. Хөрш хоёр оронтойгоо уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

          Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдгээр зорилтыг биелүүлж, бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө.

          Бага хурлын эрхэм гишүүд ээ!

          Сонгуулийн ялалтын үр дүнд манай нам УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхийг бүрдүүлж эрх баригч нам боллоо.

Намын байгууллага, гишүүд, дэмжигчид үнэмлэхүй ялалтандаа эрдэж бардалгүй, улс төрийн бусад хүчин, цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж, шинэ байдлаар ажиллах шаардлага тулгарч байна.

         

Шинэ УИХ зохион байгуулагдаж, УИХ дахь манай намын бүлэг ажилдаа орлоо.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн алхам бүр нь улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэсэн, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон шинжлэх ухааны үндэстэй байх ёстой.

Үүнд гишүүн нэг бүрийн хүчин чармайлт, бие биеэ хүндэтгэсэн, хамтын оюун ухааны давуу талыг хүлээн зөвшөөрсөн байдал нэн чухал юм.

          Манай нам би ямар албан тушаалд очих вэ гэснийг нь биш, би юу хийх вэ гэсэн хүнийг дэмжих ёстой.

Иймд тодорхой бодлого боловсруулаж түүнийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон хэнийг ч дэмжихэд бэлэн байна. 

          Ард түмний сонголт бол Монгол Ардын Намын гишүүдийг эв нэгдэлтэй, нэгдсэн зохион байгуулалттай, нэгдмэл бодлоготой ажиллаж чадна гэж үзсэн хэрэг бөгөөд энэхүү итгэлийг бид дааж ажиллах ёстой.

          Энэ өдрүүдэд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг сонгож, Засаг дарга нарыг томилж байгаа.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд өнгөрсөн дөрвөн жилд зарим аймаг, сум, дүүргүүдэд манай нам олонх болсон боловч өөрсдийн эв нэгдэлгүй байдлаас, хувийн өчүүхэн жижиг эрх ашгийг нийтийн болон намын эрх ашгаас дээгүүр тавьж намын бодлогоос урваж, шарваж байснаас ИТХ-ын дарга, Засаг даргын албан тушаалыг өөр намын төлөөлөгчдөд алдаж байсан гашуун түүхийг давтаж болохгүй.

Намаас нэр дэвшээд сонгуульд ялалт байгуулсны дараа хувийн эрх ашгийг урьдал болгож, урваж шарвах байдал гаргахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.

Манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бодлого, зорилтуудаа хэрэгжүүлснээр бид төрөө төвхнүүлж, түмнээ ядуурлаас аварч, өр зээлээс салгаж, эх орон маань мандан бадарсан, элэг нэгтэн нь хүсэн мөрөөдсөн, Монгол эх орноо цогцлоож чадна.

 

ТӨРИЙН НУРУУ АМАР ТӨВШИН БАЙЖ,

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН ЖАРГАХ БОЛТУГАЙ!