Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

2016/06/24 12:12 3321

МАН-ын дарга М.Энхболд Багануур дүүрэгт ажиллалаа. Тэрээр иргэд, сонгогчидтой Соёлын төвд уулзалт хийгээд дараа нь дүүргийн нэгдсэн эмнэлэгийн албан хаагчидтай уулзлаа. Улаанбаатарын эмнэлгүүдийн ачаалал 3 дахин нэмэгдэж, амаржсан эх 24 цагийн дараа эмнэлгээсээ гарах байдалд хүрэв. 2012 онтой харьцуулахад халдварт өвчин 60 гаруй хувиар өслөө. Манай улсад бүрэн устсан улаанбурхан өвчин шинээр гарч энэ оны эхний 5 сарын байдлаар 60 гаруй хүүхэд эндлээ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байхад эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж, шинэ төрөх эмнэлэг барих ажлыг зогсоов. Эрүүл мэндийн салбарыг сүүлийн хагас жил сайдгүй байлгаж, ард түмний эрүүл энхийг хамгаалах хамгийн чухал салбарын бодлого алдагдсан.  Хэрвээ бид сонгуульд ялвал эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний салбарт төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хамтын ажиллагааг өрнүүлж, гадаадад эмчлүүлэх, дотооддоо өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхийг даатгалд хамруулдаг болно. Хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлж, ард иргэдэд учрах төлбөрийн дарамтыг бууруулна. Элэгний хорт хавдрын улмаас нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2021 он гэхэд устгах, халдварын тархалтыг зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчнийг эрс бууруулна. Хөдөөгийн иргэд, малчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах явуулын үйлчилгээг хөгжүүлнэ. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, нарийн мэргэшил, ажилласан жил, байгуулсан гавьяа зүтгэлийг дэмжсэн цалин, хөлс, урамшууллын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ гэж хэллээ. Намын даргын мэдээллийн дара  тус эмнэлэгийн албан хаагчид санал бодлоо илэрхийллээ. Эмч нарын цалин, хангамж бага байна. Та бүхэн манай салбарыг маш сайн ойлгож, мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тиймээс ялалт байгуулж хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг мянга мянган эмч нарынхаа өмнөөс хүсч байна гэлээ. 

Сонгуулийн штабаас мэдээллээ.