Бидний ялалт ард түмний ялалт байх болно

2016/06/11 08:27 1957

УИХ-ЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД  МОНГОЛ АРДЫН  НАМААС НЭР ДЭВШИГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА  М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

       

Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид ээ!

Эрхэм журмын нөхөд өө!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монголчууд бидний хувьд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэн төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг сонгох хариуцлагатай үе хаяанд ирээд байна.

Ирэх дөрвөн жилд төрийнхөө жолоог хэнд итгэн атгуулах вэ гэдэг түүхэн сонголтын өмнө Монгол Ардын Нам Та бүхнийг өөрийн мянга мянган гишүүдийн төлөөлөл болгон ард түмэндээ илгээж байна.

Туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлэх нэн хариуцлагатай сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулах үүрэг Та бидэнд ноогдлоо.

Өнгөрсөн зуунд манай нам Монгол орны улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж байсан бол энэ зуунд улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын түүчээ нь болох хариуцлага хүлээж байна.

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэн, хүн ардаа эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажил мэргэжилтэй болгож, улс орноо хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн  ардчилсан төр, хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулахын төлөө өнөөг хүртэл хүчин зүтгэж, бүтээж босгож ирсэн манай намаас сонгогч олон түмэн их зүйлийг харж хүлээж байна.

Сонгогч олон  маань өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын гаргасан алдаа завхралыг засахыг биднээс хүсч байна.

Энэ бүх хүсэлт, хүлээлтэд  хариу өгөх, сонгогч олныхоо итгэл сэтгэлийг эзэмдэх элч төлөөлөгчид нь Та бид билээ.

Ачааны хүндийг үүрэн, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж ажиллахаа гүнээ ухамсарласан, өндөр ёс зүйтэй, өргөн мэдлэг чадвартай, баялаг туршлагатай шилдэг улс төрчдөө манай нам нэр дэвшүүллээ.

Бид энэ удаагийн сонгуульд хат суусан туршлагатай төрийн түшээд, улс төр, нийгэмд танигдсан эрч хүчтэй дунд үе, хүсэл мөрөөдлөөр оргилсон идэр залуус, эрдэм мэдлэг төгс эмэгтэйчүүдийн төлөөллийг итгэл хүлээлгэн сонголоо.

Манай намаас УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа 36 хүн байна. Нэр дэвшигчдийн 50 гаруй хувь нь магистр, 20 гаруй хувь нь доктор, профессорын зэрэг цолтой хүмүүс байна.

Эрхэм журмын нөхөд өө,

Манай намаас УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид маань намынхаа зорилго, мөрийн хөтөлбөрийн дор нэгдэж, цаг мөчтэй уралдан, эв нэгдлийг эрхэмлэн эрч хүчтэй ажиллах хариуцлгатай цаг ирлээ.

 

Эзэн Чингис хааны ” ... сэтгэлийг нь эзэмдвээс бие нь хаачих вэ?” гэсэн мэргэн сургаалийг санаж, иргэд, сонгогч нэг бүрийн сэтгэлд хүрч чадваас сонгогчдын санал биднийх байж  Та бид УИХ-д олонх болж, Засгийн эрх барих үүд хаалга нээгдэнэ.

Ийм цаг дор аав, ээж, ахан дүүс  үр хүүхэд, маань мөр бүтэн, гэдэс цатгалан, хүн бүр ажилтай, орлоготой, айл өрхийн амьдрал тэгш дүүрэн, айх аюулгүй, амар тайван, сэтгэл хангалуун болж, улс орон маань өр зээлгүй, өөдлөн дэвжиж, өсөж  хөгжих нөхцөл бүрдэнэ.

Нэр дэвшигчид Та бүхэн өөрийнхөө тойрог, орон нутгийнхаа онцлог нөхцөл, иргэд, сонгогчдын  хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг соргог мэдэрч, зөв үнэлэлт  өгч ажиллан, намынхаа мөрийн хөтөлбөрийг энгийн ойлгомжтой үгээр, оновчтой арга хэлбэрээр сонгогчдод хүргэн сурталчилж, сэтгэлийг нь эзэмдэн, итгэлийг олох нь амжилт, ялалтын үндэс байх болно. Өнөөдөр Та бид намынхаа хамт олны итгэлийг хүлээж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнийг батлах  Монгол Ардын Намын “Батламж”-ийг гардан авах гэж байна. 

Энэ сонгуульд манай нам алдах эрхгүй хариуцлага хүлээж байгаагаа байнга санаж, зөвхөн ялалтын төлөө хамтдаа зүтгэе.

Бидний ялалт  ард түмний ялалт байх болно. Бид иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрийн дарамтаас салган, төрийн дампуурлыг зогсоож, Монгол Улсаа хөгжүүлнэ.

Энэ бүхнийг Монгол Ардын Нам л хийж хэрэгжүүлж чадна. Манай нам эрх барьсан бүхий л он жилүүддээ амлалтаа бодитой биелүүлж, улс орноо хөгжүүлж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлж ирсэн гэдгийг хийсэн бүтээсэн ажил үйлсээрээ жишээлэн таниулж чадсан Монгол Ардын нам, Монголын ард  түмэнтэйгээ хамтдаа ялах болно.

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн хүчин чармайлт, намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн нэгдмэл хүч, ард түмний сонголт  хамтдаа  ялалт авчирна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө БИД ХАМТДАА ЧАДНА.

Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх болтугай!