М.Энхболд: Улс орноо хүнд байдлаас гаргаж байсан туршлага манай намд бий

2016/04/18 09:43 3612

УИХ-ын сонгууль хоёр хүрэхгүй сарын дараа болно. УИХ-ын отгон чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол? Мөн Та хувьдаа ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлээсэй гэж хүсч байна вэ?

-УИХ ийм, тийм асуудлууд хэлэлцэх ёстой гэж ярих цаг өнөөдөр биш л дээ. Өнөөдөр өнгөрсөн дөрвөн жилийг цогцоор нь дүгнэж, алсыг харах цаг юм. Монгол Улсын маань нийгэм эдийн засаг, улс төрийн хямралт байдалд одоо л цэг тавихгүй бол болохгүй. Эдгээр хямрал гүнзгийрвэл дефолт буюу дампуурлаа зарлахаас өөр гарцгүй болно гэсэн үг. Дөрөвхөн жилийн өмнө дэлхийд гайхагдаж байсан өсөлттэй эдийн засаг өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихэв гэж бид бодох ёстой. Газарзүйн байршил, хүн амын тоо, байгалийн баялаг гээд бүхий л зүйлсээрээ чөлөөт зах зээлийн нийгэмд давуу талтай Монгол Улс өрөндөө баригдсан, иргэд нь нь бухимдалтай, засаглал нь хямралын байдалтай байгаа нь эрүүл бус үзэгдэл юм. Сөрөг хүчний намын даргын хувиар ийм зүйлс ярьж байгаа юм биш. Үнэхээр сөрөг зүйлс нийгэмд буй болоод байгааг хүн бүр мэдэж байгаа учраас хэлж байгаа юм. Монгол төрийн үйл ажиллагаа ноцтой доголдсон, иргэд нь төрдөө итгэхээ байсан, эдийн засаг нь тартагтаа тулсан нь өнөөдрийн бодит үнэн. Бодлогогүй улстөрчдийн балагаар бид бүтэн дөрвөн жилээ алдлаа. Хоёр сарын дараа болох сонгууль хариуцлага, ухамсар, ёс зүйн сонгууль байгаасай гэж хүсч байна. Ер нь сонгогчид улстөрчдийг хардаг, сонгодог хэмжүүрээ хандлагаар нь өөрчилмөөр байгаа юм.

-УИХ-ын даргыг танай бүлэг огцруулах бичиг өргөн барьсан. Үүнийг хүмүүс сонгуульд зориулсан “шоу” гэж харж байна. Ард түмэн эрх баригч намд дүнгээ тавих цаг ойртож байна. Ийм цаг тулсан үед УИХ-ын дарга огцрох эсэх нь тийм чухал уу?

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь парламент юм. УИХ-ын гишүүнийг иргэд төрд төлөөллөө болгож сонгодог. Гэтэл иргэдээс сонгогдсон төрийн түшээдийн дээр улстөрийн намын дарга, аливаад улстөрийн өнцөгөөр ханддаг араншинтай хүн суучихаад гишүүдийн эрхэнд бүдүүлгээр халдаад, улстөржсөн байдлаар ажлаа явуулаад байгаатай манай бүлэг эвлэрч чадахгүй. Хоёр сар гэдэг их хугацаа. Бидэнд нэг ч өдөр алдалгүй шийдвэрлэх олон асуудал бий. Гэтэл УИХ-ын дарга цөмийн хаягдал булшлах тухай шийдвэр хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарлаж байх жишээтэй. Уучилж, ойлгох боломжгүй олон алдаа байнга давтагдаад байгаа тул ийм арга хэмжээ авч байгааг ард түмэн ойлгох байх.

Ер нь УИХ-ын дарга гэдэг хувь хүний асуудал биш юм. Монгол төрд эдийн засгийн хямралаас илүүтэйгээр засч эвлүүлэхэд хэцүү гурван том алдаа бий болсныг хэлье. Нэгдүгээрт, монгол төрийн нэр хүндийг унагалаа. Ард түмний төрдөө итгэх итгэл багасч төрийн албаны дархлаа суларлаа. Хоёрдугаарт, эдийн засгийн даяаршлын эрин үед Монгол Улсын нэр хүнд асар ихээр унасан. Төрт улсын голомт болсон агуу түүхт Монгол Улс цөөхөн төлөвшөөгүй хүмүүсийн бодлогогүй алхмуудаас болж хөрш орнуудаас эхлээд хөрөнгө оруулагчдын дунд хүртэл нэр хүндээ алдлаа. Гуравдугаарт, маш их эмзэглүүлж байгаа асуудал бол ардчилсан Үндсэн хуулийн цорын ганц хамгаалагч, хууль ёст төрийн илэрхийлэл болсон Үндсэн хуулийн цэцийн дээр улстөрийн эрх ашгийг хууль бус бохир аргаар гаргасан нь үнэхээр уучилж боломгүй том алдаа юм.

-Улстөрийн ууган, туршлагатай намын даргын хувьд танаас нэг зүйлийг шуудхан асууя. Сонгуульд танай нам ялбал эдийн засгийн хямралт байдлаас улс орноо аварч чадахуу?

-Мэдээж чадна. Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалж, хөгжил дэвшилд хөтөлж ирсэн туршлагатай улс төрийн хүчин. Өнөөдөр үүсээд байгаа хямралт байдал бол хариуцлагагүй, төлөвшөөгүй, төлөвлөлтгүй цөөхөн хүний буруутай үйлдлээс үүдэлтэй хямрал юм. Монголын ард түмэн өмнө нь маш хариуцлагагүйгээр нэг удаа алдаж байсан. Үндсэндээ Ардчилсан намд хоёр дахь удаагаа итгэл хүлээлгэсэн. Итгэх итгэхдээ эрх мэдлийн бүх түвшинд итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь Ардчилсан нам ард түмний итгэлийг дааж, ачааг нь нуруундаа үүрэх хэмжээний болж төлөвшөөгүй нам гэдгээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай нотоллоо. 2012 оны сонгуулийн дараа Засгийн газраа байгуулахаасаа л алдаа гаргаж эхэлсэн. Төрт ёсны төв соёл, гадаад харилцаа, уламжлалыг үл тоомсорлож, аливаа асуудлыг ул сууриар нь бус хэт өнгөц харсан шийдлүүд хэрэгжүүлж ирсэн нь өнөөдрийн хямралт байдлын суурь нь болсон. Жишээлбэл, бүхэл бүтэн Засгийн газар, ганцхан чиг үүргийн яамны ажил хийж байна. Та бүхэн сайн харж байгаа. Өнөөдөр эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд, зам гүүр барьсан, орон сууцны зээлийн хүүг таван хувь болгосон гэдгээс өөр сайрхах сэдэвгүй байгаа нь үүний тод нотолгоо юм. Үнэндээ бол манай Засгийн газрын үед ганцхан Барилга хот байгуулалт, зам тээврийн яам хийдэг байсан ажлыг бүхэл бүтэн Засгийн газрын бодлого болгож ажилласны үр дүнд өнөөдрийн хямралт байдал бий болсон. Засгийн газар бол нийгмийн бүхий л салбарыг хамарсан цогц бодлого барьж, төлөвлөж ажиллаж байж тогтвортой хөгжил, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгодог. Төлөвлөлтгүй, судалгаагүй, мэргэжлийн бус хандлагаар ямар ч их мөнгө, хөрөнгө оруулалт байгаад улс орныг хөгжүүлэхгүй нураадаг гэдгийг бид харлаа. Шуудхан хэлэхэд Ардчилсан намын хамгийн чухал асуудал бол улс орны язгуур эрх ашиг биш фракц гэж нэрлэгддэг явцуу бүлэглэлүүдийнх нь зөрчил юм. Эх орноо хөгжүүлэх бодлого бус хоорондын жижиг асуудлаа шийдэх гэж хамаг цагаа зориулдаг намаас өөдрөг зүйлс хүлээгээд ч хэрэггүй гэдгийг ард түмэн ойлгосон байх.

-Тантай санал нэг байна. Та хямралд цэг тавьж чадна гэж итгэлтэйгээр хэллээ. Дэлхий даяар түүхий эдийн үнийн уналттай үед, уул уурхайгаас хэт хамааралтай манай эдийн засагт боломж харагдаж байна уу?

-Манай улс жижиг эдийн засагтай орны тоонд орно. Бодлогогүй бол амархан хямарч байгаа шигээ бодлоготой бол амархан хөгжинө. Цогцоор нь харж хөдөлбөл олон шийдэл гарц бий. Манай нам эдийн засгийн хямралт байдлаас гарах тусгай хөтөлбөр боловсруулж байгаа. Цэгцлэх, хөгжүүлэх олон ажил биднийг хүлээж байна. Зарцуулалтын биш бүрдүүлэлтийн эдийн засгийн цогц бодлого баримталж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа олон тулгуурт болгох шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Хямралаас бид сургамж авч олон асуудлыг сууриар нь шийдвэрлэх хэрэгтэй. Шинэ зууны эдийн засгийн загвар мэдлэгт суурилан өөрчлөгдөж байгаа энэ үед манай улс ч бас суурь эдийн засгийн бодлогоо өргөтгөж өөрчлөх болно. Нэг гар утсыг бид 40 тонн нүүрсээрээ худалдаж авч байгаадаа дүгнэлт хийх цаг болсон. Илүү хүчтэй, илүү хүчирхэг, илүү хөгжингүй Монгол Улсыг бүтээхийн төлөө сэтгэлгээ, хандлагадаа хувьсгал хийж дэлхийтэй уралдан сэтгэж, өрсөлдөж сурах хэрэгтэй. Монголчууд бид Ази, Европын хосолмол сэтгэлгээтэй хүмүүс. Нүүдэлчин ахуйгаасаа олон давуу талын заяагдмал өгөгдөл өвлөсөн ард түмэн. Оюуны чадамжаараа ч бид дэлхийд дээгүүрт жагсдаг. Энэ давуу талуудаараа бид дэлхийтэй өрсөлдөж, оюун санаанд суурилсан бизнесийн тэргүүлэгч өрсөлдөгчдийн нэг болох бүрэн боломж бий.

-Монгол Ардын Нам урт хугацааны, суурь шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж ойлголоо. Гэтэл намчирхаж улстөржсөн байдал том хэмжээний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад болдог. Үүнийг шийдвэрлэх арга замыг Та харж байна уу?

-Манай нам хэрэлддэггүй харин хийж бүтээдэг гэдгээ ард түмнийхээ өмнө нотолсон. Өнгөрсөн зуунд ард түмнээ хөгжил дэвшилд уриалан манлайлсан. Энэ зуунд ч их өрийг тэглэж, том төслүүдийг эхлүүлж, эдийн засгаа дэлхийд тэргүүлэгч өсөлттэй эдийн засаг болгож чадсан. Бид улс орныхоо язгуур эрх ашигт үйлчлэхээр нэгдсэн нэгдэл юм. Эрх барьж байгаа нам шиг хувийн эрх ашгаа урьтал болгож хоорондоо талцаж гацааж эх орноо хорлохгүй хэмжээний төлөвшсөн улстөрийн хүчин. Бид Ази, Европ тивийг холбох дэд бүтцийн олон шугам бүхий томоохон хэмжээний төслийг эхлүүлнэ. Уул уурхайн том төслүүдээ улс орныхоо язгуур эрх ашигт нийцэхүйц нөхцөлтэйгөөр яаралтай эрчимжүүлнэ. Монгол хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгаа олон тулгуурт болгож тэлнэ. Улстөрийн эрүүл, шударга өрсөлдөөнийг хэвшүүлж, авлигын эсрэг хатуу бодлого баримтална. Ухамсар, ёс зүй, хариуцлагын түвшинг төрийн албаны бүх түвшинд дээшлүүлэхэд голлож анхаарна. Мэргэшсэн мал аж ахуй, эрчимжсэн газар тариалан, сэргээгдэх эрчим хүч, IT технологи, дэлхийд өрсөлдөх оюуны бүтээлийн үйлдвэрлэл зэрэг олон шинэ салбарыг монголдоо хурдтайгаар хөгжүүлнэ. Эдгээр ажлыг нэн даруй хийх нь Монгол Ардын Намын тэргүүлэгч зорилго юм.  Улс орны нийтлэг эрх ашгаас давсан улстөрийн болон хувийн эрх ашиг байх ёсгүй гэдэг дээр манай нам байр суурь нэгтэй байгаа. Тэр дундаа “IT улс” болох боломж ойрхон байна.

-Сүүлийн хоёр жил өр тойрсон маргаан тасрахгүй байна л даа. Эрх баригчид МАН-ынхан халамжийн мөнгө тараах гээд өр тавьчихсан гэж шүүмжилдэг. Энэ тал дээр Та ямар бодолтой байна?

-Одоо үүсээд байгаа их өрийг хоёр нам адилхан тавьсан гэсэн үгээр олон түмний тархийг угаах гэж байх шиг байна. Хоёр Засгийн газар 10 орчим тэрбум ам.долларын өртэй хүлээлцсэн. Энэ өр ямар өр байв гэхээр хоёр тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр, долоон тэрбум нь аж ахуйн нэгжийн өр байсан. Өнөөдрийн 22.4 тэрбум чинь Монголбанк, Засгийн газрын өр нийлээд найм орчим тэрбум ам.доллар, цаана байгаа 10 гаруй тэрбум нь аж ахуйн нэгжийн өр юм. 2012 оны 10 тэрбум ам.долларын өр бол 22 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тавьсан өр байсан юм шүү. Дандаа 30-40 жилийн хугацаатай, хүү багатай зээлээр бүтээн байгуулалт хийж байсныг ард түмэн санаж байгаа байх. 2012 онд өрийн үйлчилгээний зардалд 37 тэрбум төгрөг зарж байсан бол өнөөдөр 940 орчим тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээний зардалд тавьсан байх жишээтэй. 2014, 2015, 2016 онд өрийн үйлчилгээний зардалд 2.4 их наяд төгрөг зарцуулсан. Биднийг өр тавиад ард түмэнд тараачихлаа гэж шүүмжлээд байгаа юм. Би төр гэж байгаа бол иргэдийнхээ нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харж халамж үзүүлэх ёстой гэж үздэг. Ерөөсөө манай намын барьж ирсэн байр суурь ч энэ. Тэгвэл бид 2008-2012 оны хооронд 1.8 их наядаар халамж үйлчилгээний бүх зардлыг өгч байсан. Бид 1.8 их наяд төгрөгөөр ард иргэдийнхээ тодорхой асуудлыг шийдэж байсан бол сүүлийн хэдэн жил 2.4 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг л хийж байна. 2017 онд бондын зээлд 500 сая ам.доллар төлнө. Ер нь нэлээд хүндхэн он жилүүд үргэлжлэх байх. Энэ нөхцөл байдалд эдийн засгаа сэргээх талаар би дээр дурдсан. Манай нам төр барьж байхдаа иргэдэд үзүүлсэн халамж эдийн засгаа сэргээх үүрэгтэй байсан. Өнгөрсөн дөрвөн жилд тараасан 21 мянган төгрөг орон нутагт жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байсан л даа. Хүмүүс энэ мөнгийг гэр бүлийнхээ хэмжээнд аваад амьдрал ахуйгаа болгоод л байдаг байлаа. Энэ утгаараа эдийн засагт тодорхой хэмжээний эргэлт явж л байсан. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудтай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх тухай. Жишээ нь, манайх түр засагт орохдоо "Станд бай" хөтөлбөрт орчихвол яасан юм бэ гэсэн санал дэвшүүлсэн. Харамсалтай нь олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монгол орны эдийн засаг, Монголбанкны бүх зүйлийг шалгаж хянаж үзэх учраас хэрэгжүүлэхгүй байх сонирхол нөгөө талд давамгайлж байсан байх. Хэрвээ тухайн үед хөтөлбөр хэрэгжүүлсэн бол бид 10.7 хувийн хүүтэй 500 сая ам.доллар авахгүйгээр валютын сангийн дэмжлэгээр 800 саяас нэг тэрбум ам.долларыг 0.75 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байлаа.

-Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ноцтой хэмжээнд хүрсэн. Өрийн дарамтыг шийдвэрлэх гарц Танд бий юу?

-Ойрын өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай намыг сүүлийн дөрвөн жилд тавьсан Ардчилсан намын өрөөс их хэмжээний өрийг тавьсан гэж зарлаж байна. Энэ асуудал бол сонгуульд зориулсан, арга ядсан башир арга гэдгийг хүмүүс ойлгож байгаа. Ирэх жилээс монголчууд тэдний бодлогогүй зээлж, төлөвлөлтгүй зарцуулсан том хэмжээний бонд нэртэй өрийг, өндөр хүүтэй нь төлж эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед өрийн менежмент биш, өөрсдөөсөө зайлуулж сонгуулийн шоу хийж байгаа нь хариуцлагагүй хандлагынх нь нотолгоо юм. Монгол Ардын Нам сүүлийн жилүүдэд ард түмнээ өрийн дарамтаас ангижруулахын тулд, бодлогогүй, төлөвлөлтгүй, аргацаасан зээл нэмж авахыг дэмжихгүй байр суурьтай ажиллаж байна. Манай нам улс орноо эдийн засгийн хямралт байдлаас гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа би өмнө нь хэлсэн. Өрийн дарамтаас ч бас гарах олон арга замыг харж байна. Улс орныхоо эрх ашгийг нэгт эрэмбэлвэл өнөөгийн хүндрэлээс гарах олон арга зам харагдаж байгаа нь нууц биш. Хамгийн хэцүү нь эрх баригчид маань хувийн болон фракцынхаа эрх ашгийг урьтал болгож хоорондын тэмцлээсээ давж харах чадамжгүй байсаар өнөөдрийн хүндрэлт байдалд хүрлээ.

-Та саяхан хойд, урд хөрш рүү айлчлаад ирсэн. Дээр дурдсан томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх талаар хөршүүдтэйгээ ярилцсан болов уу?

-Ярилцаж тохироод, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн хэд хэдэн хэлэлцээр хийгдсэн. Биелж ажил хэрэг болсон үед нь ярих нь зүйтэй байх. Ер нь манай хоёр хөрш орны харилцаа маш өндөр түвшинд хүрч Евроази дамнасан томоохон төслүүд эхлүүлэхээр хоорондоо тохирч үйл ажиллагаагаа эрчимтэй өрнүүлж байгааг уншигч олон мэдэж байгаа. Манай улс ч дэлхийн хэмжээний энэ том төслүүдэд ямар оролцоотой байх вэ гэдэг нь маш чухал асуудал. Бодлогоо зөв тодорхойлж, нөхцөл байдалд бодитоор хандан, ухаалаг шийдвэр гаргаж чадвал маш том боломж биднийг хүлээж байна. Хойд хөршийн маань Европын орнуудтай харилцах харилцаанд эерэг хандлагууд ажиглагдаж эхэллээ. Мөн дэлхий даяар уул уурхайн гаралтай түүхий эдүүдийн үнэ ханш сэргэх шинж ажиглагдаж байна. Дэлхийн томоохон улс орнууд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байгаа нь үүнд нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна. Эдгээр үйл явдал манай эдийн засагт дахин сэргэх боломж өгнө гэж харж байгаа. Манай улсад алсын хараа, холын зорилго, оновчтой бодлого л дутагдаад байна.

-Итгэл найдвараа алдаж байгаа олон хүнд Та эерэг мэдээ дуулгалаа. Сонгууль ойртож байхад иргэдийн улстөрийн намуудад итгэх итгэл маш бага байгаа нь ажиглагдаж байна. Танай нам сонгуульдаа хэр бэлтгэж байна вэ?

-Сонгуульд бэлтгэхээсээ илүүтэй улс орноо хямралт байдлаас гаргах ажилд түлхүү анхаарч байгаа. Олон ажлын хэсгүүдийг байгуулан ажилуулж байна. Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Улстөрд үе солигдох мөчлөг ойртож байна. Манай нам үүнд бэлтгэж залуу боловсон хүчнээ дэмжих бодлого баримталж байгаа. Мөн залуусын улстөрийн төлөвшилд анхаарч байна. Хариуцлага, ухамсар, ёс зүй шинэ үеийн улстөрчдийн хамгийн чухал хэмжүүр байх ёстой. Намын хувьд олон ажлын хэсгийн урт хугацаанд бэлтгэсэн мөрийн хөтөлбөрөө нэгтгэж бага хурлаараа баталгаажуулж байна. Хэрэгжих бүрэн боломжтой, шинжлэх ухаан ч тооцоо судалгаатай, мэдлэгт суурилсан мөрийн хөтөлбөр болсон гэж дүгнэж байгаа. Улс орны хөгжлийг ганц нэг салбараар бус нийт улсаараа хөгжинө гэж харж цогц бодлоготой, нэгдмэл зорилготой байвал улс орон маань хөгжинө.

-Нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгож байгаа вэ? Гишүүнчлэл чухал уу, бодлого чухал уу?

-Манай нам байгуулагдсан цагаасаа хойш 95 жилийн турш нэг л хэмжүүрээр улс орны асуудалд хандаж ирсэн. Энэ шалгуур нэр дэвшигчдэд ч бас адил үйлчилнэ. Тэр нь Монгол Улсын язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө гэсэн зорилго төлөвлөгөөтэй хэний ч өмнө манай намын бүх боломж нээлттэй. Зорилго нэгтэй, түүнийхээ төлөө тэмцэж зүтгэх чадвартай бол манай намаас нэр дэвших боломж бүх хүний өмнө нээлттэй гэсэн үг. Хамтдаа зүтгэж, зорилгодоо хүрэх хүсэл зорилго бүхий хүн бүрийг албан ёсоор намдаа урьж байна.

-Таны энэ хариулт МАХН-тай эвсэж сонгуульд орно гэсэн таамаглалыг улам ихээр баталгаажуулж байх шиг?

-Нам, бие даагч аль нь ч байсан бид нээлттэй. Гол нь зорилго, шалгуур л чухал.

-Эрх баригч намын дотоодын зөрчил тэмцэл хурцадлаа. Сөрөг хүчний даргын хувьд Та энэ асуудал дээр байр сууриа илэрхийлээч?

-Би түрүүн хэлсэн. Фракц нэртэй хувийн эрх ашгийн сонирхол бүхий бүлэглэлийн засаглалтай намаас их зүйл хүлээх хэрэггүй юм. Улс орны байдал туйлын хүнд, хямрал гүнзгий энэ цаг мөчид сонгуульд зориулж эвлэсэн, нэгдсэн гэдэг жүжиг хэвлэл мэдээллээр тарааж байгаа намыг нам гэж үзэхэд үнэхээр хэцүү. Үнэндээ бол тухайн намын зөрчил дотоод асуудал ард түмэнд огт хамаагүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгийг санах хэрэгтэй. Эрх барьж байгаа нам гэдгээ битгий хэл, зарим гишүүд нь иргэдийнхээ сонголтоор төрд төлөөлөл нь болж сонгогдсон гэдгээ ч ойлгоогүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгааг бид ойрын өдрүүдэд маш тодоор харсан. УИХ-ын гишүүн хүний үндсэн үүрэг нь бүлэг фракцын төлөө биш, өөрийг нь сонгосон иргэдийн төр дэх төлөөлөл болж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдгийг мартах эрхгүй юм. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин