Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2018/11/06 14:03 51

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.06) нэгдсэн хуралдаан 11 цаг 27 минутад 54.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ дахь АН-ын бүлэг гурван шаардлага тавьж, хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар дээрх шаардлагын нэг болох хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа тул тус бүлгийн гишүүд хуралдаанд оролцож буйг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

   Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ…Засгийн газрын гишүүн нь  Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд  “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдав. 

    Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Иймд түүнийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. 


    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир танилцуулсан юм.

    Шадар сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Я.Санжмятав нар асуулт асууж тодруулсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Болд, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх болон эдийн засгийн уналтыг зогсоон сэргээх гэсэн зорилтыг тавьсан гэлээ. “Хоёр дахь зорилт хангагдаж байгаа бол эхний зорилтын хэрэгжилт хангалтгүй байна. Олон нийт шударга ёсыг шаардаж байгаа. Шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллана” гэв. Засгийн газрын тэргүүний хувиар зарим асуудлыг шийдвэрлэх эрх зүйн бололцоо хаалттай байдгийг тэрбээр хэлээд Ерөнхий сайд нь асуудлаа шийддэг, хариуцлагаа тооцдог, үүрдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий. Эрх зүйн орчноо өөрчлөн, шинэчилж сайжруулах нь алдаа дутагдлыг засах залруулах үндэс гэж харж буйгаа Ерөнхий сайд тэмдэглэв. 


    Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гишүүдийн асуултад хариулахдаа “Миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд салбарын бодлогыг тодорхой болгож, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажилласан. Мал аж ахуйн салбарын хувьд салбарын суурь болох Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Малын гоц халдварт өвчинтэй тэмцдэг байсан бол урьдчилан сэргийлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтцийг байгууллаа. Энэ жил малын тоо толгой өсч 18 сая төл хүлээн авснаар улсын хэмжээнд 84 саяд хүрсэн. Энэ хүрээнд “Ноолуур” хөтөлбөр, “21:100” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэв. Ноолуурын үнэ өсч, малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн бүс нутгийг тодорхой зарлан, үр сортын техникийн шинэчлэл хийснээр энэ жил 496 мянган га талбайд тариалалт хийсэн юм. 415 мянган тонн үр тариа, буудай, 165 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авсан. Үүний үр дүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоо бүрдсэн юм” гэлээ. Мөн тэрбээр ЖДҮХСантай холбоотой үүсээд буй асуудлаас үүдэн ёс зүйн хариуцлага хүлээн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ тайлбарлаад ард түмнээс уучлал хүссэн юм. 

    Асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэр бүхий сайд нар ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа нь зөв жишиг хэмээн онцолж байв. Монгол төрийг тогтвортой, тууштай, шийдэмгий ажиллагаасай хэмээн хүсэж ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгосон бөгөөд улс төрийн нам үл харгалзан гишүүн бүрийг төрийн түшээ хэмээн харж, хамтдаа улс эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалан ажиллаасай хэмээн хүсч, шаардаж байгаа талаар хэлж байлаа. 

    Ингээд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжснээр УИХ-ын тогтоол батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.