Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/

2018/06/21 14:38 76

 

2018 оны 06 сарын 21 өдөр                                                              Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж

 

2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

 

4.1.2.“хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;

 

4.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл” /цаашид “улсын бүртгэл” гэх/ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг;

 

4.1.4.“хуулийн этгээдийн хувийн хэрэг” гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;

 

4.1.5.“үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг;

 

4.1.6.“хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг;

 

4.1.7.“улсын бүртгэлийн байгууллага” гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний  орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг;

 

4.1.8.“улсын бүртгэлийн мэдээллийн сан” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

 

4.1.9.“бүртгэлийн цахим хэлбэр” гэж цахим сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагад хандаж улсын бүртгэл хийлгэхийг;

 

4.1.10.“улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд  цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг;

 

4.1.11.“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн[3] 3.1.6-д заасныг.

 

5 дугаар зүйл.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн

                                      чадвар үүсэх үндэслэл

 

5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

 

5.2.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно.

 

6 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээ авах хэлбэр

 

6.1.Улсын бүртгэлийн үйлчилгээг энэ хуульд заасны дагуу цаасан болон цахим хэлбэрээр авч болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА,

ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

 

7 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээд

 

7.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ:

 

7.1.1.нөхөрлөл;

7.1.2.компани;

7.1.3.холбоо /төрийн бус байгууллага/;

7.1.4.сан;

7.1.5.хоршоо;

7.1.6.шашны байгууллага;

7.1.7.нийтийн эрх зүйн хуулийн этгээд;

7.1.8.төрийн байгууллага, албан газар;

7.1.9.улсын төсөвт үйлдвэрийн газар;

7.1.10.аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар.

 

            7.2.Улсын бүртгэлийн байгууллага гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэх бөгөөд холбогдох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

7.3.Улсын бүртгэлийн байгууллага олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг бүртгэх бөгөөд холбогдох журмыг улсын бүртгэлийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

7.4.Энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаас бусад хэлбэрийн хуулийн этгээдийг бүртгэх харьяаллыг мөн хуулийн 8.4-т заасан журмын дагуу тогтооно.

 

7.5.Энэ хуулийн 7.1.8, 7.1.9-д олон улсын байгууллага, Засгийн газрын тусгай сан, комисс, хороо, үндэсний зөвлөл хамаарахгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэхгүй.

 

7.6.Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ.

 

8 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг

 

8.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

8.1.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх;

 

8.1.2.хуулийн этгээд тус бүрд холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, архивт хадгалах;

 

8.1.3.энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх;

 

8.1.4.хуулийн этгээдийн хувийн хэргээс энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа олгох;

 

8.1.5.хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх, түүнээс лавлагаа олгох;

8.1.6.улсын бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагатай  мэдээлэл харилцан солилцох;

 

8.1.7.улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах;

 

8.1.8.тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох;

 

8.1.9.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, тэдгээрийг эзэмшиж байгаа эзэмшигч, хувьцааны хувь хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийн талаар улсын бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргаж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;

 

8.1.10.хуулийн этгээдэд хэрэглэсэн эрх хасах, татан буулгах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх.

 

 

 

            8.3.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.

 

8.4.Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан журмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, заавар, хуулийн этгээдийн хэлбэрийн индексийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

8.6.Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

 

8.7.Энэ хуулийн 8.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ.

 

8.8.Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно:

 

                        8.8.1.гэрчилгээ болон тамга, тэмдэг ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн;

 

                        8.8.2.тамга, тэмдгийн өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан;

8.8.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан;

 

                        8.8.4.гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн;

            8.8.5.гэрчилгээ болон тамга, тэмдэг устсан;

            8.8.6.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.

 

8.9.Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.

 

8.10.Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.

 

8.11.Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН ХЭРЭГ

 

9 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэрэг

                                 бүрдүүлэх зарчим, хэлбэр

 

9.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

 

9.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд  хөтлөхөд улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх, мэдээлэл шуурхай солилцох зарчмыг удирдлага болгоно.

 

9.3.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө.

 

9.4.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан хэлбэрээр бүрдүүлэхдээ холбогдох баримт бичгийг дугаарлан засвар оруулах боломжгүй байдлаар хадгална.

 

9.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

10 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга

 

10.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:

 

10.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн болон хувийн хэргийн дугаар;

10.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл;

10.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;

 

10.1.4.хуулийн этгээдийг шинээр байгуулах, эсхүл өөрчлөн байгуулах, татан буулгах тухай;

 

10.1.5.үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

10.1.6.үүсгэн байгуулах баримт бичиг;

10.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

 

10.1.8.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдөр;

 

10.1.9.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

 

10.1.10.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;

 

10.1.11.хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг, эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;

 

10.1.12.хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл;

 

10.1.13.төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан, цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас;

 

10.1.14.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар.

 

10.2.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

 

10.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

 

10.4.Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

 

10.5.Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг тэмдэглүүлж болно.

 

10.6.Энэ хуулийн 10.1.14-т заасан эцсийн өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага холбогдох татвар төлсөн талаарх татварын албаны тодорхойлолтыг үндэслэн өөрчлөлтийг бүртгэнэ.

 

11 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа олгох

 

11.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох этгээдэд лавлагааг олгоно.

 

11.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг дараах хэлбэрээр олгоно:

 

11.2.1.цаасан, эсхүл цахим хэлбэрээр;

11.2.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбараар.

 

11.3.Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны албан бичгээр гаргасан хүсэлтээр олгох лавлагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.1 дэх хэсэг хамаарахгүй.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШИНЭЭР БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ

УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

 

12 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх хугацаа

 

12.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн  16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

 

12.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 12.1-д заасны дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзаж байгаа үндэслэлийг мэдэгдэлд дурдана.  

 

12.3.Өргөдөл гаргагч энэ хуулийн 12.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргаж болно.

 

12.4.Цахим хэлбэрээр өргөдөл гаргагч энэ хуулийн 12.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан, эх хувь нь шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

 

13 дугаар зүйл.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

 

13.1.Шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана.

 

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан этгээд нэр авах хүсэлтийг биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

 

13.3.Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:

 

13.3.1.кирилл үсгээр илэрхийлэгдсэн;

13.3.2.бусад хуулиар хориглоогүй.

 

13.4.Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

 

13.5.Энэ хуулийн 13.4-т заасан хугацааг 60 хүртэл хоногоор сунгаж болно.  

 

13.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.4, 13.5-д заасан хугацаанд гаргаагүй бол хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг энэ хуульд заасны дагуу дахин гаргаж болно.

 

13.7.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

13.8.Хуулийн этгээд татан буугдсан, нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд олгоно.

 

  • 14 дүгээр зүйл.Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын
  •                                                           бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах

 

14.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

 

14.2.Өргөдөлд дараах мэдээллийг тусгана:

 

14.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;

14.2.2.хуулийн этгээдийн нэр;

14.2.3.энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр;

14.2.4.хуулийн этгээдийн хаяг;

14.2.5.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

14.2.6.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

14.2.7.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

14.2.8.хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

14.2.9.өргөдөл гаргагчийн мэдээлэл;

14.2.10.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар.

 

14.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдөл гаргагч энэ хуулийн 8.5-д заасан маягтын дагуу өргөдөл гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд өргөдлийг цахим хэлбэрээр гаргасан тохиолдолд цахим гарын үсгээр баталгаажуулна.

 

15 дугаар зүйл.Өргөдөл гаргах эрх бүхий этгээд

 

15.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно:

 

15.1.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

15.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

15.1.3.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;

 

15.1.4.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч;

 

15.1.5.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

16 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

 

16.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

16.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

16.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

16.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулах шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;

 

16.1.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

16.1.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

16.1.6.хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тохиолдолд нотлох баримт;

16.1.7.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт.

 

16.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

16.2.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн[4] 21.1-д заасны дагуу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

 

16.2.2.хоёр болон түүнээс олон этгээд хамтран байгуулж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

 

16.2.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

16.2.4.гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.

 

16.3.Нөхөрлөлийн тухай хуулийн[5] 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь энэ хуулийн 16.1, 16.2-т заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

16.3.1.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн тус бүрд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;

 

16.3.2.гадаад улс дахь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллагын зөвшөөрөл болон өргөдөл гаргагч нь тус байгууллагын гишүүн бөгөөд эрх олгосон болохыг нотолсон тодорхойлолт;

 

16.3.3.энэ хуулийн 16.3-т заасан хуулийн этгээд нь тухайн улсдаа хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

16.4.Энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, хавсаргана.

 

16.5.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

 

16.6.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдлийг бичгийн, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авсан бол энэ тухай мэдээллийг өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

17 дугаар зүйл.Шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгэх

 

17.1.Энэ хуулийн 12.1-д заасан шийдвэр нь улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдийн регистрийн болон хувийн хэргийн дугаар олгох үндэслэл болно.

 

17.2.Цахим хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу эх хувиар ирүүлсэн баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлсэн баримт бичигтэй тулган нягталсны дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсанд хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудсанд улсын бүртгэгчийн тэмдэг дарж, мэдээллийн санд оруулснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

 

17.3.Өргөдлийг бичгээр гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага эх баримтыг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсанд хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудсанд улсын бүртгэгчийн тэмдэг  дарж, мэдээллийн санд оруулснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

 

17.4.Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор цахим мэдээллийн санд байршуулж болно.

 

17.5.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгоно.

 

17.6.Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

18 дугаар зүйл.Бүртгэхээс татгалзах

 

18.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

 

18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

 

18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;

 

18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.

 

18.2.Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно.

 

18.3.Энэ хуулийн 18.1.3-т заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.

 

18.4.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг өргөдөл гаргагч үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуульд[6] заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЗАМААР ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

 

19 дүгээр зүйл.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн  этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах

 

19.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээд нь энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргана.

 

19.2.Өргөдөлд энэ хуулийн 14.2-т зааснаас гадна үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээдийн тухай мэдээллийг тусгана.

 

20 дугаар зүйл.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах

                             хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

                                                   шаардах  баримт бичиг

 

20.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

20.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

20.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

20.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу өөрчлөн байгуулах тухай шийдвэр /тогтоол/, шинэчилсэн дүрэм, хуульд заасан бол гэрээ;

 

20.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

20.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

20.1.6.энэ хуулийн 10.1.7-д заасан эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг;

 

20.1.7.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

 

20.1.8.өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан, тэнцэл;

20.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ;

20.1.10.нэгдэх, нийлэх тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн[7] 8.1-д заасны дагуу өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

 

            20.1.11.санг өөрчлөн байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 38.3-т заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн тухай холбогдох байгууллагын шийдвэр.

 

 

 

21 дүгээр зүйл.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах

                                 хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

 

21.1.Хуулийн этгээдийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нийлсэн хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

21.2.Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

21.3.Хуваах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд хуваагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээд тус бүрийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

21.4.Тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд шинээр байгуулагдах хуулийн этгээд тус бүрийн бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

    

21.5.Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож шинээр байгуулагдах хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

21.6.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛД ОРУУЛСАН

ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

 

22 дугаар зүйл.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг

                                     бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

 

22.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

22.1.1.нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар;

 

22.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

 

22.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

22.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

22.1.7.хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;

 

22.1.8.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;

22.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ.

 

22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

 

22.3.Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

22.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

 

22.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

22.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ; 

 

22.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

22.3.6.улсын бүртгэлийн гэрчилгээ.

 

22.4.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТАТАН БУУЛГАСНЫГ

УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

 

23 дугаар зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасан тухай

                           улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх

 

23.1.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 өдрийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана.

 

23.2.Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс, эрх хүлээн авагч тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

 

23.3.Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

23.4.Хуулийн этгээдийг татан буулгасан тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй.

 

24 дүгээр зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын

                          бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

 

24.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

24.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

24.1.2.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;

24.1.3.дуусгалтын тайлан;

24.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

24.1.5.татвар төлөгчийн хасалтын карт;

24.1.6.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

 

24.1.7.татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;

24.1.8.хуульд заасан бусад.

 

24.2.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргана.

 

24.3.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.

 

25 дугаар зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэх

 

25.1.Улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

 

25.2.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.11-д заасны дагуу цахим хуудсаар нийтэд тухай бүр мэдээлнэ.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ
        БУСАД ЗҮЙЛ

 

 

 

 

 

 

 

 

 

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

            27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

             27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[9], эсхүл Зөрчлийн тухай хуульд[10] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            28.1.Энэ хуулийн 8.3 дахь хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

            28.2.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                   М.ЭНХБОЛД

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[3] Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль “Төрийн мэдээлэл”

  эмхэтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

[4] Хөрөнгө оруулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дугаарт  нийтлэгдсэн.

[5] Нөхөрлөлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 8, 9 дугаарт нийтлэгдсэн.

[6] Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[7] Өрсөлдөөний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[8]  Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт  нийтлэгдсэн.

[9]  Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[10] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.