УИХ-ын дарга М.Энхболд ХААИС-ийн 60 жилийн ойд мэндчилгээ илгээлээ

2018/10/29 11:52 111

УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг ХААИС-ийн 60 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

-Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 60 жилийн ойд-

 

Монгол Улсын ууган их сургуулиудын нэг ХААИС байгуулагдсаны түүхэн  60 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар, оюутан, төгсөгчид, ажилтнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

1942 онд байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн анги нээснээр түүхэн товчоон нь эхэлдэг тус сургууль 1958 онд үндсэн гурван салбартай бие даасан дээд сургууль болсноос хойш нэгэн жаран өнгөрчээ. 

Эрдмийн охь, мэдлэгийн уурхай, авьяасын ундарга болсон тус их сургууль түүхэн хөгжлийн 60 жилийн хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол эх орондоо мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх үндсэн зорилтыг эхний жилүүдийнхээ зүг чиг болгож байсан тус сургууль өдгөө мал эмнэлэг, агробиологи, агроэкологи, хөдөө аж ахуйн инженер, эдийн засаг, биотехнологи, биологийн нөөц зэрэг олон салбарын сургалт, эрдэм шинжилгээ эрхэлдэг, Монголдоо төдийгүй, дэлхийд нэртэй эрдэм судлал, дээд боловсролын шилдэг байгууллага болон төлөвшжээ.  

Нэгэн жарны дотор гурван түм гаруй чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох, дэвшилт технологийг нутагшуулах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр тус сургуулийн хүрсэн үр дүн, олсон амжилт бахархалтай юм.

Зургаан бүрэлдэхүүн сургууль болон орон нутаг дахь салбар сургуулиуд, харьяа үндэсний хэмжээний 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, салбарын хэмжээнд шинжлэх ухаан, дээд боловсрол, инновацийн нэгдмэл, цогц үйл ажиллагаа хэрэгжүүлдэг баялаг түүх, бахархам замналтай эрдмийн энэ уурхай цаашид Монгол орны хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг хангах үйл хэрэгт онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал бүх шатны боловсролын чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Түүнчлэн багш, судлаачдыг чадавхижуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгааны лаборатори, тоног төхөөрөмжийг сайжруулах, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, сургууль түшиглэсэн өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, оюутан суралцагчдын сурах орчныг сайжруулж, эрдэм боловсролд тэмүүлэх эрмэлзлийг дэмжих асуудал Монгол төрийн бодлогын онцгой анхаарлын төвд байсаар байна.  

Монгол орны ирээдүйн хөгжлийг эрдэм боловсролтой иргэд л тодорхойлно. Тиймээс ирээдүйг дархлах иргэдээ чанартай сайн сургаж боловсруулах, зөв тэгш өсгөн хүмүүжүүлэх нэн хүндтэй үүрэг Монголын боловсролын байгууллагууд, түүний дотор ХААИС-д оногдож байгааг Та бүхэн гүнээ ухамсарлаж байгаад итгэж байна.  

Энэхүү эрхэм зорилгодоо Та бүхэн ирэх он жилүүдэд их амжилт олохыг хүсэн ерөөе.

Шинэ эриний эрэлт шаардлагад нийцсэн шилдэг мэргэжилтэн бэлтгэх, эрдэнэт мал сүрэг, өгөөж баян газар нутгаа дээдлэн баялаг бүтээж, баялгийн үр шимийг эх орныхоо хөгжил, иргэн түмнийхээ сайн сайхны төлөө зориулах эрхэм үйлс тань бүтэмж төгөлдөр байх болтугай.

Эрдмийн их сургуулийн тань өргөө тоонотод номын цагаан буян ашид мөнх дэлгэрч байг ээ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                       МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2018 оны аравдугаар сарын 27-ны өдөр                                                        Улаанбаатар хот.