“Өргөө” амаржих газрын 90 жилийн ойн мэндчилгээ

2018/10/20 14:29 1010

Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал "Өргөө" амаржих газрын 90 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

“Өргөө” амаржих газрын 90 жилийн ойд

Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу Нэгдүгээр төрөхийн голомтыг бадраалцсан үе үеийн ахмадууд болон нийт эмч, эх баригч, сувилагч, ажилтнууд болон энд мэндэлсэн нийт иргэддээ түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Ардын хувьсгалаас өмнө шинжлэх ухааны нэг ч эмнэлэг байхгүй, үндэсний боловсон хүчин нэн дутагдалтай, ард түмний эрүүл мэндийн хувь заяа тун эргэлзээтэй, эмнэлгийн тусламж, ялангуяа төрөх, эх барихуйн тусламж эмнэлгийн бус нөхцөлд хийгддэг, нийт төрсөн хүүхдийн 50 хувь нь 1 нас хүрэлгүй эндэж, амаржсан эхчүүдийн 13 хувь нь нас бардаг, Монгол Улсын хүн ам ердөө 500 мянга орчим байлаа.

Шинэ засаг төрөө эмхлэн байгуулсан эхний жилүүдэд эрүүл мэндийн салбарыг цоо шинээр цогцлоон байгуулах шаардлага гарсны дагуу одоогийн “Өргөө” амаржих газар нь анхны Ардын төв эмнэлгийн дэргэд “Төрөх тасаг” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Монгол түмэн шинэ нийгмийг гардан байгуулсан өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүр хүртэх боломжтой болж, түүний дотор төрөх эх барих, эмэгтэйчүүд, нярай судлалын нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ард иргэдэд өргөн хүрээнд, өндөр чанартай үзүүлэх болсон юм.

Өнгөрсөн 90 жилийн хугацаанд эх нялхсын мэргэжлийн тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, Монголын хүн ам 6 дахин өсчээ. Энэ ололт амжилтад “Өргөө” амаржих газрынхны оруулсан хувь нэмэр онцгой эрхэм билээ. Монгол Улсын нийт иргэдийн 8 хүн тутмын нэг, Улаанбаатар хотын хүн амын 3 хүн тутмын нэг нь эхээс мэндэлж, нийт 400 мянга шахам шинэ иргэнийг өлгийдөн авсан, хэдэн зуун мянгаар тоологдох эх, эмэгтэйчүүдийг эмчлэн сувилж, эдгэрүүлсэн буянтай байгууллага бол “Өргөө амаржих” газар юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, эх үрсийг эсэн мэнд амаржуулах хүндтэй хэрнээ хариуцлагатай үйлсэд чин сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эмч, эх баригч, сувилагч, асрагч, ажилтнуудад баярын энэ өдөр гүн талархлаа илэрхийлье.

Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбар, түүний дотор эх, хүүхдийн эмнэлгийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хөрөнгө санхүүгийн чадавхийг сайжруулах, эмчлэн сувилах үйл ажиллагаанд шинэ техник, технологи, шилдэг арга барилыг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог шинэчлэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ямагт анхаарлынхаа төвд байлгаж, энэ чиглэлийн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажилласаар ирсэн, энэ уламжлалт төрийн бодлого цаашид ч тууштай хадгалагдах болно. 

Хүний хорвоод морилон зочлох өлзийт үүд, Монгол орон, монгол түмний гэгээн ирээдүйн дулаан өлгий болсон “Өргөө” амаржих газрын хамт олон Та бүхэнд эсэн энх, инээд баясал, амжилт алдрыг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2018 оны аравдугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот