Монголын Хүүхдийн ордны 60 жилийн ойн мэндчилгээ

2018/10/19 16:45 761

Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал Монголын Хүүхдийн ордны 60 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

-Монголын Хүүхдийн ордны 60 жилийн ойд-

            Эх орны минь гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд аа,

            Нандин чухал алба, эрхэм үйлсийн эзэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, уран бүтээлчид, ажилтнууд аа,

Та бүхэндээ Монголын Хүүхдийн ордон үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн түүхэн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлэн барья.

Эдүгээгээс 60 жилийн тэртээ 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор Монголын пионер сурагчдын төв ордон байгуулах шийдвэр гаргасан нь хойч үеийнхнийхээ төлөө төр, засгаас авч хэрэгжүүлсэн шат дараатай, алсыг харсан зөв мэргэн бодлогын нэгэн бүрэлдэхүүн хэсэг байсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Монголын Хүүхдийн ордон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь бүх талаар дэмжин хөгжүүлэх, тэдэнд ардын урлаг, үндэсний өв соёлоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгож, зургаан аравны хугацаанд 130.000 гаруй хүүхдийг төгсгөжээ.

Тэдгээр төгсөгчдөөс улс орондоо алдаршсан Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын  болон гавьяат зүтгэлтнүүд, дэлхий дахинд Монголоо дуурсгасан урлаг, спортын олон одод төрөн гарснаар монголчууд бид бахархдаг билээ.

Хүүхдийн ордны сургалтын чанар, үр дүн, арга барил нь Монгол орны хүүхдийн болон сургалтын бүхий л байгууллагуудад үлгэр дуурайл болж, манлайлах байр суурь эзэлсээр ирснийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Монголын Хүүхдийн ордны үйл ажиллагаа цаг, өдрөөр хувьсан өөрчлөгдөж буй шинэ шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцэж, техник технологийн хөгжил, шилдэг арга барилыг эзэмшин, жилээс жилд өргөжин тэлж, монгол хүүхдийн эрдэм оюун, авьяас билиг Монгол оронд төдийгүй ертөнц дахинд түгэн цуурайтсаар байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал монгол хүүхдийн сурах, хөгжих боломжийг бүрэн бүрдүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, дэмжин тэтгэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг ямагт анхаарлынхаа төвд байлгасаар ирсэн, цаашид ч энэ уламжлалт бодлого хадгалагдсаар байх болно.

Монголын Хүүхдийн ордны үе үеийн удирдлага, багш нар, төгсөгчид, нийт хамт олон, сурагчдад ирээдүйг зорьсон их аяны гэгээн үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байхын ерөөл өргөе.

Монгол хүмүүний эрдэм, авьяасын булаг ундармал, Монголын Хүүхдийн ордны өргөө цагаан гэрийн хоймор амжилт алдраар тунамал байх болтугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                             МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр                                                           Улаанбаатар хот.