ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа

2018/10/18 16:15 1099

Манай улсад албан ёсоор айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу-г Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Уг шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн есөн хөлт их цагаан тугны өмнө гардуулж, баяр хүргэлээ.

Дараа нь Монгол Улсын парламентын тэргүүн, Хүндэт зочинтой уулзаж ярилцав.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Манай хоёр орны найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Монгол Улсын төр засаг, ард түмэн ОХУ-тай харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө байдаг.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Зөвхөн энэ 2018 онд гэхэд манай хоёр Ерөнхийлөгч гурван удаа уулзлаа. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Миний бие 2016, 2018 онд ОХУ-д айлчлах үеэрээ Төрийн Думын дарга В.Володин, Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нартай уулзаж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Ноён В.Володин манай улсад айлчлах урилгатай. Энэхүү урилгаа дахин нотолж байгааг Та уламжилж өгнө үү гэв.

УИХ-ын дарга М.Энхболд "2019 онд нэгэн чухал үйл явдал болно. Энэ бол Халхын голын хамтын ялалтын 80 жилийн ой юм. Ойг хамтран тэмдэглэх нь энхийн цагт ч, дайны талбарт ч хоёр ард түмэн мөр зэрэгцэн зүтгэж, тэмцэж явсан баатарлаг түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, ахмад дайчдын гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцоно гэдэгт найдаж байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсандаа баяртай байгаагаа илэрхийлж, “Энэ бол хувь хүн миний хувьд маш хүндтэй үйл явдал бөгөөд энэхүү шагнал нь зөвхөн намайг биш, хоёр орны найрсаг харилцаа, найрамдал нөхөрлөл, хамтын зүтгэлийг үнэлэн хүндэтгэсэн хэрэг гэж үзэж байна” гэв.

Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа зуун дамжсан арвин баялаг түүхтэй. Харилцаа маань жинхэнэ стратегийн түвшинд хүрч хөгжиж байгаад баяртай байдаг. Найзлан нөхөрлөж, хамтран тулалдаж явсан бид шинэ эринд шинэ үйл хэргийн төлөө хамтран зүтгэгчид болсон түүхийг дээдлэх учиртай. Манай хоёр ард түмэн хүнд хэцүү, бэрхшээл сорилттой цаг үеэ даван туулж чадсан. Одоо хоёр улс, ард түмний гэрэлт сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ хамтын ажиллагаа зөвхөн батлан хамгаалах салбарт биш, бүхий л хүрээнд амжилттай өрнөн хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Ноён С.К.Шойгу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нартай уулзах үеэрээ цэрэг, техникийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсанаа дурдаад, Оросын цэрэг армийн үнэ цэнэтэй туршлагыг монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байна гэв.

Тэрбээр Сири дэх цэргийн ажиллагаа, түүнд ОХУ-ын гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар товч танилцууллаа. Түүнчлэн Монголын арми, монгол цэргүүдтэй энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтрах, тухайлбал цэргийн эмч нарыг хамтран ажиллуулах боломж байгааг онцлов.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх асуудлыг хөндөж ярих үеэрээ ноён С.К.Шойгу “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс ОХУ-ын зүгээс ойг тэмдэглэх хөтөлбөрийг улам өргөжүүлж, соёлын болон агаарын хүчний арга хэмжээг Оросын талаас нэмж оруулах саналтай байна” гэлээ.

Түүнчлэн 2020 онд тохиох дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн сэдвийг хөндөж, “Эх орны дайны үеэр монголчууд бидэнд үнэлж баршгүй тусламж дэмжлэг үзүүлсэн. Ер нь бол бид дайны фронт дээр хамтран тулалдсан гэж хэлж болно. Тиймээс энэ ойд монгол нөхөд маань ч оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийг хөндөж ярихдаа “Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ахиц ололт гарч байна. Тухайлбал 2017 оныг 2016 онтой харьцуулахад хоёр талын худалдааны эргэлт 37.3 хувь өссөн байна” хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБТЗ нийгэмлэгийн техникийн шинэчлэл, төмөр замын болон авто замын бүтээн байгуулалт, эрчим хүчний зэрэг салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсад ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтыг ашиглах боломж олгох, урьд нь Увс аймгаар дамжин Кызыл хүрч байсан авто тээврийг дахин сэргээх манай талын саналд анхаарлаа хандуулж, дэмжиж өгөхийг ноён Сергей Шойгугаас хүслээ.

Мөн 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-д албан ёсоор айлчлаагүй байгааг дурдаад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийхээр бэлтгэж буй айлчлалыг дэмжихийг хүссэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын даргын дэвшүүлсэн санал, хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.18