Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй

2018/10/09 10:48 591

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2018 оны ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ чуулганы хүрээнд шийдэх гол асуудлын нэг нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтахыг үгийнхээ эхэнд онцолсон. Тэрээр хэлэхдээ "Эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг 2 жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна. Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонхи нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй" гэсэн юм. 

Сануулахад: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрлчлөлт оруулах асуудлыг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хэлэлцүүлэг зохион байгуулаж, УИХ-аас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргасан. Эдгээр хэлэлцүүлгээр аймаг, нийслэл, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамж, цахим хуудсаар нийт 327,375 санал хүлээн авсан бөгөөд давхардсан тоогоор 5.6 сая саналыг цахим мэдээллийн санд бүртгэсэн байна. Нийт санал өгсөн иргэдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байсан бол насны хувьд 32.2 хувь нь 18-35 насны залуучууд, 35.9 хувь нь 36-55 насныхан, 31.9 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа нь бүх насны иргэд идэвх санаачилгатай оролцсоны илрэл мөн. УИХ-ын Тамгын газар хэлэлцүүлгийн талаархи 750 цагийн дүрс бичлэг, 1100 гэрэл зураг, санал асуулгын хуудсаар 2607 хавтас архивын нэгж үүсгэсэн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд бүрддэг архивын хэмжээтэй дүйж байгаа юм.