Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа

2018/06/28 10:38 725

УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед мөрийн хөтөлбөрт багтсан амлалт биелэлээ олж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2018.06.27/ Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа.

“Энэ хууль батлагдсанаар боловсролын салбар, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд ач холбогдолтой олон чухал асуудлуудыг шийдвэрлэгдэх юм. Тухайлбал, сургуульд багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарынхаа хөгжлийг дэмжинэ. 1-2 дугаар ангийн ачаалал ихтэй ангиудад хүүхдийн тоо олон бол туслах багшийг ажиллуулах боломж бүрдэж байгаа юм. Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Засгийн газар таван жил тутам багшийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байх үүргийг хүлээж байгаа юм. Сайн ажилласан багш нар заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нэмэгдүүлэх юм шүү. Багш нарын мэдлэг боловсрол, нийгмийн асуудал, сургалтын чанарт чухал ач холбогдолтой хууль батлагдлаа. Тиймээс хуулийг багш нарт зөв зүйтэй сурталчлан таниулахад УИХ-ын гишүүд анхаарч ажиллаарай” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд анхаарууллаа.