УИХ-ын дарга М.Энхболд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2018/06/27 10:57 937

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 

/Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн

40 жилийн ойд/ 

       Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлгэ тэмдэг болон өрнөсөн Их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг, цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн Эрхэм уурхайчид, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон Та бүхэндээ түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ аз жаргалтай байлгахын төлөөх эрхэм үйлсэд “Эрдэнэт” үйлдвэр, тус үйлдвэрийн зүтгүүр хөдөлгүүр нь болсон инженер техникийн ажилтан, ажилчдын гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг Монголын төр ямагт өндрөөр үнэлдэг билээ.

Үйлдвэр 40 жилийн түүхэн замналыг туулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, улс орны эдийн засагт ямагт хамгийн том хувь нэмрийг оруулсаар ирсэн. Тиймээс “Эрдэнэт” хэмээх том айлын ажил амжилттай, үйлс бүтэмжтэй явахад монгол хүн бүрийн сэтгэл тэнүүн байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрээ монгол хүн бүр хүндлэн дээдэлдгийн илэрхийлэл билээ.

Монгол, Оросын ард түмний эв найрамдлын илэрхийлэл болж сүндэрлэсэн “Эрдэнэт” үйлдвэр бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн эрдэнэсийн их өв, хишиг буяныг нь үеэс үед уламжлан нандигнах Монголын ард түмний бахархалт түүхийн омогших алтан хуудас нь юм.

Энэ үйлдвэрийн анхны шанг таталцсан Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичид, эрдэмтдийн хичээнгүй зүтгэл, БНМАУ, ЗХУ-ын тухайн үеийн нам, төрийн удирдлагуудын алсын хараа, түүхэн шийдвэр, алдар гавьяаг энэ өдөр бид бахархан дурсах учиртай. Зогсолтгүй эргэх түүхийн үл тасрах ган хэлхээг 40 жилийн турш хамтдаа гагнасан анд нөхөр Оросын мэргэжилтнүүддээ Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Залуу насны бадрангуй тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн Эрдэнэтийновоог зорин ирсэн илгээлтийн эзэд, анхдагчдын эрч хүч, амжилт ялалт, урам зориг, дуу хоолой одоо ч гэсэн бүтээн байгуулалтын талбарт тод сонсогдсоор байна. Энэ бол Та бүхний залгамж халаа болсон шинэ үеийнхэн эрхэм үйлсийн чинь буухиаг нэр төртэй үргэлжлүүлж байгаагийн илэрхийлэл билээ. Түүхэн ойн энэ өдөр хөдөлмөр бүтээлийнхээ өрнүүн цаг үе, залуу насаа дурсан суугаа “Эрдэнэт”-ээр овоглосон Хүндэт ахмадууд Та бүхэндээ Монголын нийт ард түмний гүн талархлыг дэвшүүлэн айлтгая.

Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” хэмээн ид хавтай, идэр сайхан насыг тодотгон хэлэлцдэг. Энэ үгийн адилаар “Эрдэнэт” үйлдвэр маань идрийн золбоо, цог хиймориор гялалзаж, хүч тэнхээ, түүхэн туршлага нь цэгцэрч байна. Тус үйлдвэрийн хамт олон түүхт ойн жилээ үйлдвэрлэл, эдийн засгийн онцгой амжилт, дээд үзүүлэлтээр угтаж, ирээдүйд бүтэн жарантай тэнцэхүйц он жил тогтвортой ажиллах нөөцөө тогтоож, баталгаажуулсныг монгол хүн бүр баяр бахдалтайгаар хүлээн авч байна. “Эрдэнэт”үйлдвэр 2017 онд түүхэндээ хамгийн өндөр ашиг орлоготой ажиллаж улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг, 2018 оноос одоог хүртэл 321 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Уул уурхайн салбартаа нийгмийн хариуцлагын тод жишээ болж, 40 жилийн турш хөгжиж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа бол Монголын хувь заяа юм. Энэ үйлдвэрийн ирээдүй бол Монголын ирээдүй юм. Тиймээс үндэсний үйлдвэрийнхээ тасралтгүй, найдвартай ажиллах бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлж, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Их Хурал өөрийн хүндэт үүргээ гэж үзэх болно.

Эрдэнэтийн түүхийг нээсэн, Эх орныхоо түүхийг бүтээлцсэн, ирээдүйн түүхийг бичилцэх эрхэм уурхайчид, “Эрдэнэт” үйлдвэрт их баялаг бүтээгч та бүхэндээ эрүүл бие, саруул ухаан, их амжилтыг хүсэн ерөөе!

Сайхан наадаарай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД