Е.В.Бушмин: Монгол бол бидний итгэлт сайн нөхөр, ойрын хөрш, гол түнш мөн

2018/06/06 11:41 973

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Евгений Викторович Бушмин Холбооны зөвлөлийн байранд УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Е.В.Бушмин Москва хотноо болж буй Олон улсын парламентчдын чуулга уулзалтыг чухал ач холбогдолтойд тооцож, Монголын парламентын төлөөлөгчид өндөр түвшинд оролцож буйд нь талархал илэрхийлээд, удахгүй болох гэж буй Олон улсын парламентаризмын өдрийн мэндийг УИХ-ын дарга М.Энхболдод дэвшүүлэв.

Ийм өдөртэй болох санаачилгыг ОХУ-ын Холбооны зөвлөлөөс дэвшүүлж, 2017 онд Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаар жил бүрийн 6-р сарын 30-ны өдөр тэмдэглэж байхаар баталжээ. ОУПХ-ны анхны хуралдаан 1889 оны 6-р сарын 30-нд болж байсныг үндэслэн энэ өдрийг сонгож авсан юм байна.    

Ноён Е.В.Бушмин “Монгол Улс бол бидний итгэлт сайн нөхөр, ойрын хөрш, гол түнш билээ. Энэ бол ердийн хэлээд өнгөрөх үг биш, манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөл, олон жилийн түүхэн харилцааны үнэ цэнийг илэрхийлсэн үг юм. Бидний бүх түвшний харилцаа тогтвортой, үр ашигтай, тууштай үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Бид Монгол Улсын хөгжил дэвшлийг ямагт дэмжих болно” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэсэн юм.

Тэрбээр энэ удаагийн уулзалт удахгүй болох гэж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Орос, Монголын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм хэмээн тэмдэглэлээ. “ШХАБ-ын үйл ажиллагааны нэгэн чиглэл нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа юм. Тиймээс та бид энэ чиглэлд онцгой анхаарах нь бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөхөд чухал юм” гэж тэрбээр онцлов.

2017 онд Улаанбаатарт болсон “Монгол Оросын хамтын ажиллагаа” эдийн засгийн чуулган, энэ онд болсон Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн тохирсон асуудлууд, гэрээ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байна гэдгээ ноён Е.В.Бушмин илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулган дэлхийн улс орнуудын парламент хамтын ажиллагаа, хүчин чармайлтаа нэгтгэж, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэдгийг онцоллоо.

Тэрбээр сүүлийн 2 жилд хоёр орны харилцаа идэвхжиж, бодит үр дүн гарч байгаад талархалтай байгаагаа тэмдэглээд, төмөр зам, хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон дэмжих, бусад салбаруудад нэгэнт боловсруулагдсан хөтөлбөрийг ажил хэрэг болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна гэж хэлэв.

Хоёр орны Ерөнхийлөгч нарын санаачилгаар ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж буй “Монгол, Оросын санаачилга-2018” уулзалтад парламентууд дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал. Түүнчлэн 2019 онд тохиох Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн бэлтгэлийг эртнээс хангаж, өргөн хүрээнд тэмдэглэх нь Монгол, Оросын ард түмний халуун цусаар гагнагдсан хамтын нөхөрлөлийн түүхийг дархлах онцлог үйл явдал мөн. Парламентын бүлэг, Тамгын газар, бүтцийн байгууллагууд, гишүүд хоорондын харилцааг цаашид идэвхжүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй зэрэг асуудлаар байр суурь нэгтэй байгаагаа тэмдэглэв.

Мөн 2025 оны ЭКСПО үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн ОХУ-ыг дэмжихийг хүссэн ноён Е.В.Бушминий саналыг анхааралдаа авснаа УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Уулзалтад Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников, Төсөв, санхүүгийн зах зээлийн байнгын хорооны орлогч дарга М.М.Ульбашев, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны орлогч дарга М.И.Дидигов, Хойд нутаг болон нутгийн өөрийн удирдлага, бүс нутгийн бодлого, холбооны засаглалын асуудал хариуцсан байнгын хорооны гишүүн В.В.Наговицын нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.      

Тухайлбал, Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон УБТЗ-д томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж шинэчлэх, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын шинэ техник, технологийг Монголд ашиглах боломжийг өргөн хүрээнд дэмжих асуудлыг Холбооны зөвлөлөөс анхаарал тавьж, дэмжихийг хүслээ.