Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар А.В.Гордеев томилогджээ

2018/06/06 11:39 188

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн, Оросын талаас ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.В.Лушников, Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко, Эрчим хүчний орлогч сайд В.М.Кравченко, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздев, Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов, Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн Холбооны албаны орлогч дарга Н.А.Власов, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин нар оролцов.

Ноён А.В.Гордеев сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол Улсын хооронд өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, “Манай Засгийн газраас Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргын түвшинг ахиулж, намайг тус хэсгийн даргаар томилох шийдвэрт Ерөнхий сайд Д.А.Медведев гарын үсэг зурсан” гэж мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогчоор томилогдсоны зэрэгцээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг тэргүүлэх болсонд нь Алексей Васильевич Гордеевт баяр хүргэлээ.

Тэрбээр “Монгол Улс хөрш орнууд, тэр дундаа ОХУ-тай хөгжүүлж буй харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, стратегийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг илэн далангуй ярилцан шийдвэрлэх замаар идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж бид үздэг” хэмээлээ.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Монгол Улсаас ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрснийг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг ОХУ дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр тал Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдгээрт шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг хоёр тал ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлүүлэх саналтай байна гэлээ. 

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын гэрээ хэлэлцээр, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүний дотор малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

 Ноён А.В.Гордеев хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр энэ 6-р сард Улаанбаатар хотноо хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ болохоор байгааг онцлоод, “Эрхэм хүндэт УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлыг хөндсөн тул энд хүрэлцэн ирсэн манай яам, байгууллагуудын төлөөлөгчид салбарынхаа асуудлаар товч танилцуулга хийнэ үү” гэлээ.

Энэ дагуу ноён А.С.Мишарин, А.В.Лушников, В.М.Кравченко, А.Н.Морозов нар тус тусын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөв, зорилго чиглэлийн талаар тодорхой танилцуулав.

Танилцуулгад хөндөгдсөн зарим асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар, мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеев “Өнөөдөр эрхэм хүндэт ноён М.Энхболд Тантай уулзсандаа тун баяртай байна. Ойрын хугацаанд Монгол Улсад дахин уулзана хэмээн найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад миний мэндийг уламжлахыг Танаас хүсье. Өмнө нь ноён Х.Баттулга болон миний бие Монгол Улс, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар хамтран ажиллаж байсан сайхан түүх бий” гэлээ.