Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2018/05/11 20:55 163
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслийг өнөөдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 
 
Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна. 
 
Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн байна.
 
Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ